Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Нар, салхины шинэ эрчим хүчний салбарт Хятадтай хамтран ажиллахаар тохиролцов
2 жил өмнө   329
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.
 
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов.
 
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
  1. Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Хятадын зах зээлд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах,
  2. 1955 оны Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тус тус эрчимжүүлэх,
  3. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах асуудлыг урагшлуулах,
  4. Монгол Улсад аялах хятад жуулчдыг татах, аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг дэмжих, энэ хүрээнд хоёр улсын хоорондын галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг ойрын хугацаанд сэргээх, нислэгийн тоог нэмэгдүүлэх,
  5. Монгол, Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтарсан судалгааны төвийг байгуулах асуудлаар хоёр талын судалгааны багийг 2023 оны 5, 6 дугаар сард Бээжин, Улаанбаатар хотноо ажиллуулах,
  6. Монгол Улсад 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах,
  7. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тохиролцсон “Ерөнхийлөгч нарын нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв” болон “Үндэсний урлагийн их театр” байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах багийг 2023 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод ажиллуулах,
  8. Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг судлах, зэрэг болно.

 

Түүнчлэн энэ удаагийн албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэлийг сайтар хангах, энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын харилцаа холбоог эрчимжүүлэх талаар санал солилцов.

Нар, салхины шинэ эрчим хүчний салбарт Хятадтай хамтран ажиллахаар тохиролцов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0