Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол, БНСУ цэргийн аж үйлдвэр болон эмнэлгийн хамтын ажиллагааг эхлүүлэх талаар тохиролцжээ
1 жил өмнө   299
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн урилгаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийжээ.
 
Айлчлалын хүрээнд хоёр улсын цэргийн аж үйлдвэр, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан тохиролцов.
 
2022-2023 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.
 
Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны батлан хамгаалах яамд хоорондын гэрээ, хэлэлцээр болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд бүх түвшний харилцан айлчлал хийх, яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн мэргэжилтэн харилцан сургах, хамтарсан сургалт дадлага явуулах, олон улсын хурал, семинар, үзэсгэлэнгийн арга хэмжээнд харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр амжилттай хөгжсөөр ирсэн юм.
 
     
Энэ үеэр “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд дэлхийн 30 орчим улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, 62 орны 1,000 гаруй олон улсын эрдэмтэн, судлаач оролцлоо. 
 
Хуралдаанд оролцогчид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, түүний дотор олон улсын аюулгүй байдлын тогтворгүй нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой сорилтууд зэрэг аюулгүй байдлын нийтлэг асуудлаар харилцан ярилцаж, байр сууриа илэрхийлэв.
 
Монгол Улсын айлчлалын бүрэлдэхүүн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д оролцож, батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, орчин үеийн цэргийн техник, технологитой танилцав. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 20 гаруй оронд үйлдвэрлэгдсэн зэвсэглэл, техникийг танилцуулж, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 500 орчим аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.
 
 
 
Эх сурвалж: БХЯ
Монгол, БНСУ цэргийн аж үйлдвэр болон эмнэлгийн хамтын ажиллагааг эхлүүлэх талаар тохиролцжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0