Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд суманд ажиллаж байна
4 жил өмнө   380
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр ажиллаж байна. 
 
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлажээ. Ачааны машины дугаарлалт нэмэгдэж, энгийн үеийнхээс гурав дахин цөөн машин гарч байгаа нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой ажээ. Учир нь БНХАУ-ын талаас Монголын хилийн боомтод ариутгал, халдваргүйтгэлийн стандарт хангахыг шаардаж байгаа юм. 
 
Өдөрт тогтоосон цөөн тооны автомашины квотод Замын-Үүд суманд ажиллаж буй төрийн байгууллагын албан тушаалтнууд давуу байдал үүсгэн өөр машин явуулж байна гэх иргэдийн гомдол иржээ. Энэ нь бараа эргэлтийг удаашруулж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд хүргэж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тодотгов. Тиймээс энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг байгуулсныг тэрээр онцлов. Тус ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг томилсон байна. 
 
Зарим агентлагийн даргын шийдвэрээр Замын-Үүд сумын зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилох, тэдгээр байгууллагын ажилтнуудыг нь өөр орон нутгийн ажилтнуудтай сэлгэн ажиллуулах шийдвэр гарсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 
 
Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн гол зорилт бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн хүнд суртлыг арилгаж, дийлэнх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Анхан, дунд шатанд байгаа авлига, албан  тушаалын асуудлыг шалгаж цэгцлэх ажил өмнөд хилээс эхэлж байна. Замын-Үүдийн "мафи" гэдэг зүйлтэй Засгийн газар тэмцэхээ илэрхийлж байна. Цаана нь олон боомтын асуудал яригдаж байгаа. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ижилхэн асуудал байгаа талаар иргэдийн хэд хэдэн гомдол ирсэн. Хилийн шалган нэвтрүүлэхтэй холбоотой авлигын асуудлыг цэгцлэх хамтарсан ажлын багийн шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид томилгоо авч ирсэн албан тушаалтнуудыг удирдан, ажлыг нь уялдуулж, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу болгон ажиллуулбал, БНХАУ-ын талтай ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх асуудлыг ярилцах боломжтой" хэмээв. 
 
Мөн наадмын амралтын өдрүүдийг Замын-Үүд боомтод хэсэгчлэн ажлын өдөр болгон ачаа бараа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллуулах саналыг Засгийн газарт танилцуулахаа тэмдэглэв. Түүнчлэн Замын-Үүд дэх Чөлөөт бүсийн хашааг ашиглан халдваргүй бүс болгож ачаа барааг буулгах ажлыг зохион байгуулах зэрэг шинэ арга барилаар ажиллах боломжтойг дурдлаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд суманд ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0