Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Ш.Ганзориг:“Сэлбэ 20 минутын хот” төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
2 цагийн өмнө   138
Сэлбэ 20 минутын хот бол Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргах стратегийн том төсөл. 2025 он бол энэ төслийн хувьд “ярих” бус, “хийж эхэлсэн” жил байлаа. Судалгаа, төлөвлөлт, зураг төслөөс эхэлсэн олон жилийн бэлтгэл ажил бодит барилга угсралт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар үргэлжилж, хотын шинэ амьдралын суурь ийнхүү тавигдаж байна.
 
“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзоригтой ярилцлаа.
 
Төслийн гүйцэтгэл 20 орчим хувьтай байгаа тухай мэдээлэл саяхан гарсан байсан. Тэгвэл та энэ онд Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох гурван ажлыг нэрлэж өгч болох уу?
 
Сэлбэ 20 минутын хот төсөл 2025 онд бодитоор хэрэгжиж эхэлсэн онцгой жил байлаа. Бид энэ хугацаанд бэлтгэл ажлаа бүрэн хангаж, барилгаа барьж эхэлсэн нь хамгийн том ололт юм. Богино хугацаанд 158 га газрыг чөлөөлж, цэвэрлэгээ, ариутгал хийгээд барилгаа барьж эхэлсэнээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй гэр хорооллыг дахин төлөвлөх бодлого биеллээ олж байна. Энэ бол онцлох эхний үзүүлэлт. Хоёрдугаарт, орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийг боловсруулж, 20 минутын хотын үзэл баримтлалд нийцсэн ерөнхий төлөвлөгөөг дахин шинэчлэн батлууллаа. Гуравдугаарт, тендерийн сонгон шалгаруулалтаар нийт долоон багцын долоон гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, 113 блок барилгын ажлыг эхлүүлж 82 барилгын цутгалтын ажлыг өвлийн нөхцөлд технологийн горимыг баримталж хэвийн үргэлжлүүлж байна. Барилгын ажлын явцад чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж осол авааргүй амжилттай үргэлжлүүлж байна.
 
Долоон буудал орчмын газрыг эрчимтэй чөлөөлж, барилгын хашаа барьж эхлэхэд л олон нийт энэ төслийн талаар мэдэж, анхаарч эхэлсэн байх. Гэвч та бүхний ажил барилга эхлэхээс өмнө нэлээн их байсан байж таарна. Ер нь орон сууцны цогцолбор хороолол барих энэ төслийн ард бэлтгэл ажлын хүрээнд юу юу хийж гүйцэтгэсэн бэ?
 
Томоохон мега төсөл хэрэгжүүлж эхлэхэд (STORM TIME) шуурганы үе шат гэж бий. Бүх ажил хоорондоо уялдаатай байдаг бөгөөд бүгд зэрэг гараанаас эхэлдэг болохоор ингэж нэрлэж, бага багаар асуудлаа эрэмбэлж цэгцэлж явдаг. Яг үүнтэй ижил манай төсөл яг энэ үе шатыг 2025 онд дуусгаад байна. Мөн Засгийн газрын түвшинд, Нийслэлийн Засаг даргын түвшинд төсөл маань маш сайн дэмжлэгтэйгээр урагшилж байгаа болохоор бид шуурганы үеийг богино хугацаанд цэгцэлж авсан.
 
Иж бүрэн дахин төлөвлөлтийн төсөл нь олон үе шаттай, нарийн төлөвлөлтийн ажил шаарддаг. Юуны өмнө тухайн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл байдлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.
 
ТЭЗҮ-ээр төслийг хэрэгжүүлэхээс өмнөх нөхцөл байдал, хэрэгжсэний дараах үр нөлөөг иж бүрэн тооцоолж, орон зайн оновчтой төлөвлөлт, шийдлийг гаргасан. Үүний дараа барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зураг, төсөв, гадна инженерийн шугам сүлжээний зураг төслүүдийг үе шаттайгаар боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулсан.
 
Тендер, гэрээ хэлцэл, барилга угсралт, инженерийн дэд бүтцийн ажлуудын урт хугацааны төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, бүх үе шатанд мөрдөх ХАБЭА, байгаль орчин, нийгмийн удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.
 
20 минутын хотын үзэл баримтлалын талаар хүнд ээлтэй, үйлчилгээнд ойр, нийгмийн дэд бүтэцтэйгээ хамт байх шийдэлтэй гэх мэтээр манай зочид өмнө нь ярьсан. Тэгвэл та бүхэн хэрэгжүүлж буй төсөлдөө энэ үзэл баримтлалыг тусгаснаас гадна ямар инноваци нэвтрүүлсэн бэ?
 
20 минутын хотын үзэл баримтлалыг ерөнхий төлөвлөгөөнд тусгахдаа газар ашиглалт, нийтийн тээврийн зангилаанд суурилсан шийдлийг гол болгосон. Худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээг 20 минутын радиуст тэнцвэртэй байршуулах алгоритм боловсруулсан.
 
Энэ хүрээнд хамгийн сүүлийн үеийн симуляцийн програм, дижитал загварчлал ашиглан хүн амын урсгал, тээврийн ачаалал, эрчим хүчний хэрэглээг урьдчилан тооцож байна. Цаашид хотын хөгжлийн динамикийг бодит цагийн өгөгдөлд суурилан удирдах боломжийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
 
Мөн төслийн материал хангамж, инженерийн шийдлийн хүрээнд нэлээн олон шинэ технологийг нэвтрүүлж байна. Та бүхэнд цухас дурьдвал Цахилгаан хангамжийн электрик хаус буюу үйлдвэрийн дэд станцуудыг суурилуулах, шугам сүлжээний засвар үйлчилгээг хийх боломжтой нэвтрэх сувгуудыг төлөвлөж гүйцэтгэх, евро стандартын насжилт өндөртэй зөөлөн ширэм хоолой, барилгын дотор ус хангамжид хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой зэс хоолой системээр усаа түгээх гэх мэт маш олон шинэ шийдлүүдийг тусгаж хэрэгжүүлээд явж байна.
 
 
Төслийн үйл явц одоо аль шатандаа яваа гэсэн үг вэ?
 
Төслийн хэрэгжилтийг үзэл баримтлал, төлөвлөлт, худалдан авалт, хэрэгжилт, хяналт, хүлээлгэн өгөх гэж хуваан үзвэл одоогоор хэрэгжилтийн шатандаа явж байна. Барилга угсралтын хувьд 82 блокын суурийн болон хоёр давхар хүртэлх цутгалтын ажлууд хийгдсэн. Үлдсэн блокын ажилуудыг 2026 оны хавар эхлээд мөн гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг эхлүүлнэ.
 
Инженерийн шугам сүлжээний ажлууд танай төсөлд нэлээд чухал байсан байх. 2025 онд ямар ямар ажлуудыг хийсэн бэ?
 
Гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл батлагдаж, эхний хоёр багц барилга угсралтын тендер зарлагдан гүйцэтгэгчид шалгарсан. Ус, дулаан хангамж, ариутгах татуургын ажлыг ОСНААУГ, хөрсний ус шүүрүүлэх болон Сэлбэ усан сангийн ажлыг ГУББГ, цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх ажлыг УБЦТС тус тус гүйцэтгэж байна. Инженерийн хангамжийн системийг 2026-2027 онд хэсэгчилж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
 
Төслийн талбайн хэмжээ 158 га. Тэгэхээр аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил чухал байх. Энэ талаар хийж байгаа ажлаасаа манай уншигчдад хүргэж болох уу?
 
Эрсдэлийг хугацааны болон чанарын гэж ангилан, бүртгэл үүсгэн, хариу арга хэмжээг төлөвлөн ажилладаг. Хугацааны эрсдэлийг долоо хоног тутмын хурлаар хянаж, чанарын эрсдэлийг MIR, WIR, NCR системээр дамжуулан удирдаж байна.
 
Тухайн хэсэгт агаарын бохирдол 22 хувиар буурсан гэсэн судалгаа байсан. Мөн хөрсний бохирдлыг үүсгэгч нүхэн жорлонгуудыг буулгаж, төвлөрсөн шугам сүлжээнд холбох тул байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл их юм аа.
 
Энэ төслийг хэрэгжүүлсэн үндсэн зорилгын нэг нь агаарын бохирдлыг бууруулах шүү дээ. Мөн төвлөрлийг сааруулж, хотын хаана ч тэгш хүртээмжтэй үйлчилгээг авах боломжтой олон төвт хотыг бий болгох үндсэн үзэл санааг баримталж ажилллаж байна.
 
Нэг айлын хашаанд өмнө нь ашиглаж байсан, одоо байгаа гээд тооцоход 4-5 нүхэн жорлон байсныг ариутган, устгалаа. Бидний хувьд 12,000 нүхэн жорлон, 15,600 янданг буулгаж агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулаад байна. Сэлбэ голын сав газарт энэ хэмжээний нүхэн жорлонг буулгаснаар Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа энэ голын усны чанарт ч эерэг нөлөө үзүүлсэн байна. Мэргэжилтнүүд нарийвчилсан судалгаагаар энэ үр дүнг хэмжиж, мэдээлэх байх аа.
 
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ?
 
Төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхой багц, үүргийн хуваарилалтаар хэрэгжүүлж байна. Төр стратеги, зохицуулалт, дэд бүтцийг хариуцаж, хувийн хэвшил барилга угсралт, хөрөнгө оруулалтад оролцож байна. Олон төвт хот бий болгох нэг үндсэн үзүүлэлт бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг суурьшлын бүсэд үйлчилгээ явуулах боломж бүрдүүлэх байдаг тул бид энэ тал дээр нэлээд ухаалаг, хялбар, хурдтай менежмент хийж байгууллагын дотор сонгон шалгаруулалтын хороог бий болгож хувийн хэвшилтэй уулзалт хийж байна. Ингэснээр зөвхөн төрийн үйлчилгээ төвлөрөхөөс гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын зах зээлийг нэгтгэсэн хүний хэрэгцээг хангасан бүх үйлчилгээг бий болгосон хот бүтээх боломж бүрдэж байгаа. Нэг жишээ хэлье. 12,000 хүн амтай хот бий боллоо гэж төсөөлөхөд тэнд хэчнээн автомашин болон сервис үйлчилгээ бий болгох шаардлага үүсэх бол? Яг энэ шаардлагыг урьдчилан хараад томоохон авто сүлжээний хөрөнгө оруулагчид хүртэл авто сервис худалдааны төвөө барих саналаа өгч байна.
 
 
Иргэдийн оролцоо, мэдээллийн урсгалыг хэрхэн шинэчилсэн бэ?
 
Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг дотоод журмаар шийдвэрлэж, мэдээллийг цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр тогтмол хүргэж байна. Цаашид олон нийтийн арга хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
 
Томоохон төслийг хянаж гүйцэтгэхэд ямар програм хангамж ашиглаж явдаг юм бол?
 
Төслийн хүрээнд ArcGIS-газар зүйн програм болон iAuditor–хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хяналт үзлэг шалгалт хийж, хиймэл оюун ухаанаар төслийн эрсдэлтэй байдлын тайланг боловсруулж, Estimator Pro, PowerBI зэрэг програмуудаар төслийн нэгдсэн хяналтын системийг бий болгож газар чөлөөлөлт, цэвэрлэгээ, ХАБЭАБО, төсөв, гүйцэтгэлийг бодит цагт хянан ажиллаж байна.
 
Төслийг хэрэгжүүлэх явцад ямар ямар хүндрэл, бэрхшээл тохиолдож байв?
 
Газар чөлөөлөлттэй холбоотойгоор зураг төсөлд өөрчлөлт орж, зарим барилгын суурийн ажил хүлээгдсээр байна. 18 блок барилгын ажил газар чөлөөлөгдөөгүйгээс эхэлж чадаагүй байна. Иргэдийн оролцоо, дэмжлэг, ойлголцол энэ үед их чухал нөлөөтэй байна даа. Ирээдүйн хотын бүтээн байгуулалт, хүнд ээлтэй шийдлийн төлөө дэмжиж, хамтран ажиллахыг иргэдээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна.
 
Сэлбэ хотыг бүтээн байгуулах төслийг удирдаж байгаа багийнхан ирээдүйн хотыг их өөдрөгөөр төсөөлж байгаа байх даа.
 
Иргэний оролцоотой, тогтвортой, хүртээмжтэй, амьдрахад таатай хот бий болгохыг манайхан зорьж ажиллаж байгаа. Энэ төсөл нь Улаанбаатар хотыг дахин инженерчилж, нэг төвт хотоос олон төвт хот болж буй эхний алхам тул жишиг хотыг бий болгохын төлөө төслийн баг хамт олон зорин ажиллаж байна.
 
Ирэх онд барилгын ажлын гол цөм нь хийгдэх байх аа. 2026 онд иргэд ямар өөрчлөлтийг бодитоор харах вэ?
 
Барилга, дэд бүтцийн хамгийн хүнд (hard work) ажлууд энэ онд хийгдэх бөгөөд нийт талбайн 140 цэг дээр өдөр бүр ажил явагдаж, орчны бодит өөрчлөлт иргэдэд шууд л харагдана даа. Төслийн нийт ажлын 60-65 хувийг 2026 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа. Эхний ээлжийн барилгууд 2027 оны хоёр, гуравдугаар улиралд ашиглалтад орно.
 
Богино хугацаанд ихийг амжуулсан танай багийн амжилт чадварлаг мэргэжилтнүүдийн оролцоотой холбоотой байх. Хүний нөөцийн хувьд ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
 
Хот төлөвлөлт, инженерчлэл, санхүү, менежментийн мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг багийг богино хугацаанд бүрдүүлэн ажиллаж байна. Туршлагатай инженер, мэргэжилтнүүдээсээ залуу үе нь суралцаж, шинэ үеийнхэн нь техник, технологийн дэвшилд хөтөлж бодитоор хамтран ажиллаж байна.
 
Аливаа ажлын амжилтын үндэс нь хандлага, хамтын оролцоо шүү дээ. Энэ хотыг бид хамтдаа бүтээнэ гэсэн нэгэн сэтгэлээр ажилладаг хамт олондоо баярладаг. Богино хугацаанд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүхнээ зориулж, өөрсдийгөө дайчилж байгаа залуусаараа бахархаж байгаагаа энэ далимаар илэрхийлье.
 
Мөн уг төслийг Монгол Улсын анхны 20 минут концепцыг бий болгох зорилгоор Засгийн газрын түвшинд байнга дэмжлэг үзүүлж, Хотын дарга Х.Нямбаатарын шууд удирдлага дор шийдвэр гаргах процесс хурдтай явж байгаа болохоор манай хамт олон урам зоригтойгоор төсөлдөө дурлан ажиллаж байна.
 
Бидэнтэй дэлгэрэнгүй ярилцаж, мэдлэг мэдээллээ хуваалцсанд баярлалаа.
Ш.Ганзориг:“Сэлбэ 20 минутын хот” төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0