Цөөн үгээр:
  • Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
  • Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Ардчилсан нам дотоод шинэчлэл эхлэлээ
11 цагийн өмнө   146
Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 11:00 цагт зохион байгуулдаг “4/11 мэдээллийн цаг”-ийн өнөөдрийн /2026.01.15/ хэвлэлийн бага хурлаар намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
 
Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан нам дотоод ажилдаа илүү төвлөрөн ажиллаж буйг онцолсон юм. Тэрбээр 2026 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн нь намын шинэчлэлийн чухал эхлэл болсныг дурдав.
 
Улс төрийн зөвлөл 2026 оны 1 дүгээр сарын 14-нд хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасны нэг нь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон явдал юм.
 
Шинэчилсэн дүрмийн дагуу Улсын дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн цагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг чөлөөлсөнд тооцдог зохицуулалт хэрэгжиж эхэлж байгааг намын дарга онцоллоо. Энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг Ардчилсан нам зүгээр нэг хуульд нийцүүлэх үйл явц бус, харин намын дотоод шинэчлэлийг бүрэн хийх бодит боломж гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
 
Тодруулбал, Ардчилсан нам анхан шатнаасаа эхлэн 100 хувь шинэчлэл хийх бөгөөд энэ үйл явц 2026 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэхээр төлөвлөгджээ. Үүний хүрээнд хоёрдугаар сарын 1-нээс эхлэн намын 170 мянган гишүүнийг шинэчлэн бүртгэж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулийг зохион байгуулахаар болсон байна.
 
Мөн дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, намын шинэ бүтцийг батламжлах юм. Их хурлаас бүрдсэн Үндэсний бодлогын хорооноос Ардчилсан намын албан ёсны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, шинэ Улс төрийн зөвлөл болон бодлогын зөвлөлүүдийг байгуулах аж.
 
Түүнчлэн Ардчилсан нам төрийн данхар бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах зарчмын байр сууриа хэвээр хадгалж байгааг онцолж, Улс төрийн зөвлөлийн хурлаар зөвхөн дэд сайд төдийгүй улс төрийн шинжтэй давхардсан 80 орчим албан тушаалтан, цаашлаад үйл ажиллагаа нь давхардсан 800 гаруй албан тушаалтны асуудлыг цэгцлэх боломжтой гэж үзсэн талаар мэдээллээ.
Ардчилсан нам дотоод шинэчлэл эхлэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0