Цөөн үгээр:
  • Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
  • Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Ши Жиньпиний ойрын холбоотон генерал шалгагдаж байна
2 цагийн өмнө   125
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр мөрдөн шалгаж эхэллээ. Ши Жиньпин даргын хамгийн ойрын цэргийн холбоотон гэгддэг Жан Юшиа генералын талаар яамны зүгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хятадад ийм төрлийн хэргүүд ихэвчлэн авлигатай холбоотой байдаг. Гэхдээ бодит байдал дээр Ши Жиньпинд үнэнч байж чадсан эсэхтэй холбоотой байдгийг шинжээчид хэлж байна.
 
Жан Юшиагаас гадна цэргийн ахлах офицер Лю Жэнлиг мөн шалгаж эхэлснийг Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Лю Жэнли нь 62 настай бөгөөд Хятадын Цэргийн төв комиссын штабын дарга.
 
Хятад улс өнгөрсөн оны аравдугаар сард сүүлийн 10 жилд байгаагүй томоохон ажиллагааны хүрээнд есөн топ генералаа огцруулсан билээ.
 
75 настай Жан Юшиа Цэргийн төв комиссын дэд даргаар ажиллахын зэрэгцээ 24 хүний бүрэлдэхүүнтэй Улс төрийн товчооны гишүүн юм. Цэргийн төв комисс ч тэр, Улс төрийн товчоо ч тэр эрх баригч Коммунист намын хамгийн гол нэгжүүд. Тэрбээр 1968 онд армид элссэн учир тулааны туршлагатай цөөн хэдэн удирдагчийн нэг. Хэдий тэтгэвэрт гарах нас нь болсон байсан ч Жан Юшиа албан тушаалдаа хэвээр байсан нь Ши түүнд хэр их итгэдэг байсныг харуулна. Жан Юшиагийн эцэг ч Коммунист намын үүсгэн байгуулагч генералуудын нэг байжээ.
 
Жан, Лю нар арванхоёрдугаар сард болсон намын чухал арга хэмжээнд оролцоогүй аж.
 
"YNetnews" гэх шар хэвлэлд мэдээлснээр, Жан Хятадын цөмийн зэвсэгтэй холбоотой техникийн чухал мэдээллийг АНУ-д задруулсан байж магадгүй. Мөн Цэргийн төв комисс дотроо албан тушаалыг мөнгөөр наймаалцсан байж болзошгүй гэж үзэн шалгаж байна. Тодруулбал, түүнийг Батлан ​​​​хамгаалахын сайд асан Ли Шанфуг их хэмжээний хахуулийн хариуд албан тушаалд дэвшүүлсэн гэж сэжиглэж байна. Ли Шанфугийн хувьд 2023 онд олны нүдэнд харагдахаа больсон бөгөөд сүүлд нь албан тушаалаасаа буусан юм. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар, Жан улс төрийн бүлэглэл байгуулахыг завдсан ч байж магадгүй.
 
Жантай холбоотой зарим мэдээлэл Хятадын Үндэсний цөмийн корпорацийн гүйцэтгэх захирал асан Гу Жүнээс ирсэн бололтой. Хятадын Үндэсний цөмийн корпораци нь тус улсын цөмийн хөтөлбөрийг иргэний болоод цэргийн гээд бүх талаас нь хянадаг төрийн өмчит компани юм. Улс төрийн хууль тогтоомж, намын сахилга батыг зөрчсөн гэх үндэслэлээр Гу Жүнийг мөн шалгаж эхлээд байгаа аж.
 
Жан, Лю нартай холбоотой мянга мянган офицер одоо болзошгүй бай болоод буйг эх сурвалжууд мэдээлж байна.

 

Ши Жиньпиний ойрын холбоотон генерал шалгагдаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0