Цөөн үгээр:
  • Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
  • Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Backyard-с мэндэлсэн ГЭГЭЭН рэппер
2 цагийн өмнө   34
Клипний нээлтийн өмнөхөн хэвлэлийн бага хурал товлогдсон тул хэвлэлийнхэн байрлалаа эзэлж, тэндээсээ огт хөдлөлгүй уран бүтээлчдийг хүлээнэ. Хэвлэлд зориулж зассан ширээний хажууханд chopper загварын гэмээр ангийн үсээр бүрсэн элдэв тоноглолтой мотоцикл байрлуулж, урд талд нь этгээд хачин хувцастай, буу шийдэм агссан дөрвөн хүн зогссон нь ямар нэгэн адал явдалт киноны постер зураг амилсан гэмээр сүртэй харагдана. 
 
Харин хурлын ширээний баруун талд газраар элс цацаж, дээр нь манекенд ламын дээл өмсгөж, улаан орхимж нөмрүүлсэн нь нүдэнд содон тусах нь өнөөдөр хэн гэдэг уран бүтээлчийн ямар нэртэй дууны клипний нээлт гэдгийг дахин сануулах мэт. Мөн Тэнгри цомогт багтсан “Жүрээм”, “Даяга”, “Хээр морь” зэрэг дуу тасралтгүй эгшиглэнэ. Цан хүүрэг савссан хөвч тайгад орших цаатан ард, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөллөсөн морин чарга, өтгөн ойн нам гүмийг эвдэх өлөн чонын улиан зэрэг эрхгүй бодогдоно.  
 
Дуучин Thunder буюу Б.Өлзий-Учралын “Гэгээн” дууны клип youtube сувагт байршаад 20 хоног болжээ. Энэ хугацаанд давтагдсан тоогоор 4.5 сая хүн үзсэн байна. 
 

Цахим орчинд тренд болоод буй энэ дууны клипний нээлт Home plaza-гийн Corprate convention center-т болж байгаа нь энэ. 
 
Тэрээр нээлт болохоос гуравхан хоногийн өмнө өөрийн цахим хуудастаа “За “Гэгээн” клипээ кино театрт хамтдаа үзэцгээе. Монголд анх удаа клипний нээлт хийх гэж байна. Маш олон хүн ийм санал тавьсан тул ганцхан удаа буюу 1 дүгээр сарын 23-нд “Гэгээн” клипээ Corprate-ийн кино танхимд ирсэн хүмүүстээ үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо. Мөн клипний уран бүтээлчид, арын багийнхан маань ирж улаан хивсний ёслол явна. Үйл ажиллагаа 17.00 цагт эхэлнэ. Тэнд “Тэнгри” тоглолтын хэвлэлийн бага хурал давхар болох бөгөөд тасалбар худалдаа бас байх болно. Мөн нэг surprise бий” гэж бичжээ. Михайлд нэг бодол бий гэдэг шиг тэрээр “Нэгийг бодож, хоёрыг тунгаасан нь” нээлтийн өдөр ил болж, гэнэтийн бэлэг, уран бүтээлийн богц задарсан юм.  “Rap Dembee”-гээс бага, багаар танигдсаар “Back Yard” шоунд өөрийгөө нотлон харуулж, улмаар зогсолтгүй дуу бүтээсээр өнөөдрийн энэ зэрэгт хүрсэн нь түүний шаргуу хөдөлмөрийн үр дүн мөн “Гэгээн” дууны клипээр түүнийг бас уншдаг артист гэж харах болов. 
 
 
 
Клипний нээлт болдог өдөр Corprate convention center-т олон хүн цугласны цөм нь оюутан, залуус байв. Бүр цөөнгүй гэр бүл ч зориод иржээ. Тэдний төлөөлөл “Хүүхдүүд Thunder-ийн дууг их сонсдог. Бид эхэндээ тоодоггүй байсан ч “Гэгээн” дууны клип цацагдсанаас хойш гэр бүлээрээ сонсож, одоо фэн нь болсон” гэж ярилаа. Үнэхээр ч энэ уран бүтээлийн үг ая, агуулга нь цогц болж, нэг биш хэд хэдэн үеийнхнийг хамарсан. 
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт Л.Түдэвийн “Оройгүй сүм” романаас сэдэвлэсэн “Гэгээн” дуу цацагдсанаар тус номын борлуулалт үлэмж нэмэгдсэн. Тус роман ингэн усны говьд жин үдийн халуунд явж буй сохор эрийн үйл явдлаар эхэлдэг нь “Гэгээн” дуунд ч мөн адил давтагддаг. Ер нь клип, романд үйл явдлууд ийн адил, төстэй байдлаар дүрслэгдэнэ. “Интерном”, “Азхур” зэрэг томоохон номын дэлгүүрт үзэгдэх нь бараг өдрийн од шиг ховор болов. Гадуур хүүхэд залуус “Оройгүй сүм”-ээр ангаж цангаж байна. Тиймээс аудио хэлбэрээр сонсогчдын тоо ч нэмэгдсээр байгаа юм.
 
Залууст ном унших сэдэл өгч, дурлуулахсан гэдэг ахмад үеийнхний хүсэл бага ч атугай биелэл болсонд олзуурхмаар. Нийгэмд ч эерэг нөлөө үзүүлжээ. Клипний нээлтэд зориулж, “Саяан” хэвлэлийн газраас “Оройгүй сүм” романыг олон тоонгоор борлуулахаар авч иржээ. 
 
Б.Өлзий-Учрал “Оройгүй сүм”-ийг уншаад хэрэв би тухайн цаг үед амьдарч байсан бол гэж өөрөөсөө асууж, өөрт төрсөн мэдрэмжийг үг, аялгуугаар сүлэн энэ дууг олны хүртээл болгосон. Магадгүй өөрөөсөө асууж эхэлсэн тэр үеэс эл клипээ бодож, зураг авалтаа толгойдоо буулгаж эхэлсэн биз ээ.
 
Амьддаа бие биеэ хайрла, хайртай хүнтэйгээ байгаа бол цаг хугацааг дэмий бүү үр гэдэг агуулга нь үзэгч, сонсогчдын сэтгэлийн углуургатай нийцэв бололтой. 
 
Ингээд удалгүй хэвлэлийн бага хурал эхэллээ. Thunder, продюсер Э.Дэлгэрмөрөн тэргүүтэй “Тоонот” рекордсын уран бүтээлчид орж ирэв. Мөн “Жонон” хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргил болон бусад албаныхан суудалдаа тухлав. 
 
“Тэнгри” тоглолт 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болсон. Өнгөрсөн 2025 оны эхэнд цацагдсан “Жүрээм”, “Даяга” дуунаас эхлэн бид үүнийг төлөвлөсөн гэдгийг Thunder энэ үеэр мэдээлсэн. Тэрээр “Энэхүү тоглолт нь Монгол үндэсний хэв шинжийг агуулсан байх ба тоглолтын үндсэн хэсэг монгол үндэсний амьд хөгжмүүдтэй тоглогдох болно. Монгол өв соёл, Монгол орны үзэсгэлэнт байгаль, Монголын түүх, Монголын ястан үндэстний аж байдал, соёлын биет бус өвийг өсвөр залуу үед түгээн дэлгэрүүлэх таниулах зорилготой” гэв. 
 
Мөн клипээ улам чанаржуулж байгаа шиг энэ тоглолтод бас шат ахина, миний бүх уран бүтээл дуулагдана гэсэн бол продюсер Э.Дэлгэрмөрөн “Бид бүх ур ухаан, авьяас чадвараа дайчлан үзүүлэх болно” гэлээ.
 
Монгол өв соёл, зан заншил, түүхийг сурталчлах зорилготой, “Гэгээн” дуугаар өртөөлж буй тус төслийн ард маш чадварлаг баг хамт олон ажилладаг нь сүүлийн үеийн уран бүтээлүүдээс илхэн харагдах болсон. Дууны авторт миний нэр бичигддэгээс биш эл уран бүтээл бий болоход олон чадварлаг залуусын хөдөлмөр шингэсэн гэдгийг Thunder энэ үеэр онцлоод амжлаа. 
 
Хайр дурлал, нийгмийн сэдвүүдийг хөндөж, уран бүтээлдээ шингээдэг байсан бол одоо түүний дуунууд яалт ч үгүй монголчуудын ахуй, цаашлаад оршихуйтай гүн холбогдох болсны хамгийн сүүлийн жишээ нь “Гэгээн” хэмээх дуу нь мөнөөс мөн. 
 
Уран бүтээлчид тус тусын чиглэлээр мэдээлэл хийсний дараа үзэгч, фенүүдээ кино танхимд орохыг урив. Монголд анх удаа клип нээлтээ хийхэд анхны үзэгчид нь болсон гэхээс илүүтэй өнөөдөр ямар сюрприз барих вэ гэдэг асуултынхаа хариултыг нэхсэн фэнүүд нь тайз руу ширтсээр байв. .
 
Ингээд хөтлөгч “Гэгээн” дууны уран бүтээлчдийн багийг тайзнаа урив. Тогооч зэрэг арын албаныхнаас эхлээд хүн нэг бүрийг алдаршуулав. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг шиг бүгд л гар нийлж, баг хамт олон болж чадсанаар том ажлын ард гарлаа гэдэг санааг хөтлөгч давтсаар байв. “Гэгээн” дууны клип жижиг хэмжээний кино хийх төсвөөр бүтсэн. Үүнээс гадна зохиолын агуулга, нэмээд ийм чадварлаг баг ажилласан болохоор зарим хүнд бүрэн хэмжээний уран сайхны кино үзсэн мэт гүн сэтгэгдэл үлдээжээ.
 
Уран бүтээлчдийг танилцуулж, тэдний сэтгэгдлийг сонссоны дараагаар үзэгчдийн хамт “Гэгээн” дууны клипээ том дэлгэцээр үзэв. Дуугаралт, дүрсний нягтрал ч аргагүй өөр түвшнийх юм. Гэхдээ үүнээс илүү энэ удаад үйл явдалд хөтлөгдөж биш, түүний агуулгыг барьж авахыг оролдов. 
   
Ардын жүжигчин Ж.Оюундарь, СТА Р.Баттогтох, Н.Бадарч нарын чансаатай уран бүтээлчид энэ клипэнд зангилаа нь болж тодорч гардаг. Клипэнд Төвдийн Лхас хотыг зорьж, шавилан суух гурван шавийнхаа нэгээр Навааныг сонгочихсон нь амраг хосын харилцааг аль эрт анзаарсан хамба ламтны хос хоёрыг холдуулах гэсэн санаа. Түүний дүрийг СТА Р.Баттогтох бүтээжээ. Түүнийг харахаар Навааны ирээдүйг өөрийнх нь гарт үлдээсэн бол гэж бодогддог.  Зурвасхан үзэгдээд өнгөрөх хэдий ч ногоон малгайтны дүрийг дээд цэгт нь тулгасан СТА Н.Бадарч. Цөөнгүй хүний жихүүцэл, зэвүүцэл энэ дүрийг ээрсэн нь лавтай. Үнэхээр гэмгүй Навааныг буудахаар зэхэх үед наадхаа орхичих хэмээн итгэл төрүүлснээ эсгийнд ороож, зулын гол болгосон түүний дүр өөрөө үзэн ядалтын галд шатмаар дүр.   
 
Харин сохор хуурчийн дүрд “Жонон” хамтлагийн морин хуурч Д.Мөнхсайхан ажиллажээ. Клип түүгээр эхэлж бас дуусдаг. Эхэлсэн газраа тэр цагтаа. Энэ клип цацагдах үе нь түүний Баянхонгор аймгийн Жаргалант сумын хүүхдүүдэд морин хуурын хичээл зааж байсантай давхацжээ. Клип үзсэн хүүхдүүд хот руу “Оройгүй сүм” романыг захиж, морин хуурын хичээлээ шаргуу давтах болсныг морин хуурч Д.Мөнхсайхан хүндэтгэлийн тайзнаас хэлэв. Хүн төрөлхтний үндэстэн хамаарахгүйгээр ойлгож чаддаг цор ганц хэл бол хөгжим. Тиймээс сохор хуурч хуураараа дамжуулж, клипний төгсгөлд үйл явдлын зангилааг тайлж өгдөг. Харах ёсгүй зүйлээ харсан учраас хоёр нүдээ алдсан ч, магадгүй тэвчих ёстой үнэнийг энэ хүртэл нуусан нь түүний сэтгэлийг юу юунаас илүү тарчлаасан биз.  
 
 
Харин үүнийг хүлээн авч, үйл явдлыг хааш нь эргүүлэх вэ гэдэг Ардын жүжигчин Ж.Оюундарийн санаачилга, ур чадвар байв. Хайртай хүнээ хүлээсээр өтөл буурал болсон хөгшин Мядагийн дүрд угаас тэр л нийцэхээр байж. Үйл явдлыг төгсгөлд нь базах чухал үүрэг түүнд ногдсон. Түүний хэрхэн жүжиглэхээс шалтгаалж, үзэгчид ч ямар байдлаар хүлээж авах нь тодорхой байв. Хайртай хүнээ харуулдаж насаараа хүлээсэн Мядагийн дөнгө энд суларч, цөхрөл шаналлын манан түүнийг нөмөрсөн ч цаанаа “Гэгээн” хайраа ингэж үүрдийн тээсээр орчлонгийн мухар хүртэл явж чадахаар шийдэмгий дүр юм. Зохиолоос гаргасан дүрийг ингэж амь оруулсан нь түүний харц. Түүний нүд асуух болоод хариулахын аль алийг л өгүүлнэ. Нэг ч үг хэлэхгүйгээр үзэгчдийн зүрхэнд хүрсэн жүжиглэлт түүнээс л гарах ур чадвар аж.            
 
Харин Мядагийн залуу ахуйн дүрд артист, DJ Б.Маралгуа тогложээ. Түүнийг бид өмнө нь “Lemorna” гэх дуугаар нь мэддэг байсан ч үнэндээ тэр энэ дүрээрээ ингэж олонд илүү танигдана гэж бодоогүй байжээ. Зохиолтой танилцаагүй ч өөрийн мэдрэмжид тулгуурлаж, дүрээ гаргасан нь түүнд дараагийн удаад яах бол, ямар жүжиглэлт шаардах бол гэсэн асуулт, хүлээлт төрүүлсээр байсан болов уу. 
 
Навааны дүүгийн дүрд “146” рекордсын артист М.Өсөх-Ирээдүй тоглосон. Эсгийнд шатаж буй ахыгаа хараад уйлдаг хэсгээс бусад жүжиглэлт нь харьцангуй хөнгөн буюу урсгалаараа явчхаж буй харагдсан. Түүний дүр ахыгаа барьж өгсөн, эсвэл санамсаргүйгээр харах ёсгүй зүйлээ харсан гээд үзэгчдийг талцуулж байна. Энэ нь ч зөв юм. Жүжиглэлт заавал тодорхой байх албагүй. Асуултын тэмдэг, ярианы сэдэв гэдэг нь энэ дүрийн оршихуй болж байгаа юм. Энэ мэтчилэн бичээд байвал цааш дуусахгүй хөвөрч өгнө. Утасны үзүүрээс барьсан төдийхөн нь л энэ. Клипээ үзэж дууссаны дараагаар дээр хэлсэнчлэн өөр нэг уран бүтээлийн богц задрав. Нэрийг нь энд бичихийг хүссэнгүй, задлаагүй чихэр болгон амттай. Бидэнд товчхон teaser үзүүлснээс Холливудын найруулагч Жорж Миллерийн “Галзуу Макс” киноны монгол хувилбарыг хийж буй мэт сэтгэгдэл төрсөн. Хэвлэлийн бага хуралд зориулж зассан ширээний өмнө этгээд хачин хувцастай буу шийдэм агссан дөрвөн хүн зогссон нь ч ийм учиртай байжээ.  
 
Ингээд 5 дугаар сарын 23-ны өдөр болох дуучин Thunder буюу Б.Өлзий-Учралын “Тэнгри” тоглолтод та бүхнийг урьж, сурвалжилгаа өндөрлөе. 
 
Энэ өдөр хээр морьд давхилдаж, улаан орхимж агаарт хийснэ.
 
Цаа бугын тачигнах чимээнээр чоно улих үед хөгжим дугарна 
Огшоож, тайвшруулж, орилуулж, гуниглуулна 
Олон мэдрэмжийг тань нэг дор гаргана 
Он цагийн хэлхээгээр аялуулна 
Ойрад, халх, буриад, казах олон үндэстэн ястан цөмийг цуглуулна 
Морин хуурын аялгуунд автуулж 
Морьтой ирэхэд чинь тосож авна 
Уул ус тэнгэртээ залбирч 
Урлаг гэгчийг урлаж үзүүлнэ.
 
Backyard-с мэндэлсэн ГЭГЭЭН рэппер
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0