Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
19 цагийн өмнө   152
2006 оны аравдугаар сард Малайзад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарснаас хойш 20 жилийн хугацаа өнгөрөөд буй. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Разах Багиндагийн эсрэг нийт 21 удаа шүүхдээд байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээс Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох нөхөн төлбөр 5 сая ринггитийг 1.4 сая ринггит болгон бууруулахаар шийдвэрлэсэн байдаг.
 
Шүүхийн шийдвэрийн дараа Ш.Алтантуяа агсны гэр бүл болон түүний аав С.Шаарийбуу Малайзын Холбоотны буюу Дээд шүүхэд дахин гомдол гаргахаа мэдэгдсэн юм. Гэвч иргэний хувьд Малайзын шүүхэд хандахаар хүчин мөхөстөөд байгаа учир Монгол Улсын Засгийн газарт хандаж дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан билээ.
 
Ийнхүү хүсэлтийн дагуу Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбууг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас түүнийг дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэ талаар С.Шаарийбуу дараах тайлбарыг өглөө.
 
“Сүүлийн үед цахим орчинд Засгийн газарт өргөдөл гаргасан, Ерөнхий сайдтай уулзах гэж байгаа юм байна гэдэг асуудал их хүчтэй яригдлаа. Би Монголын төрд анх удаа л хандаж байгаа. Сайхан хүлээж авдаг юм байна. Гол нь асуудлыг маань шуурхай шийдэж өглөө. Би өргөдлөө бичээд авч орсон. Өнгөрсөн хорин жил Малайзын засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж явсан. Нэг улсын иргэнтэй бүхэл бүтэн улс, хууль шүүхийн байгууллага, төр засаг нь давж заалдаж байсан. Миний бие өмгөөлөгч Б.Баяр, өөр нэг эмэгтэй бас бий. Бид гурав л хорин жил зүтгэсэн.
 
Энэ удаад би аргагүйн эрхэнд тус улсын Дээд шүүхэд давж заалдсан. Миний ганц боломж энэ л байсан. Ингэхээр Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ төлөө санаа тавих, асуудалд хандах боломж нээгдэж байгаа юм. Өмнө бол болдоггүй байсан.
 
Мэдээж уулзалтын үр дүнд ямар шийд гаргав гэхээр шуурхай ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг Австрали, Малайзтай хэрхэн хамтарч ажиллах, асуудлыг яаж шийдэх зэрэг боломжтой болж байна. Тус ажлын хэсэгт миний бие болон хуульчид, хүний эрхийн байгууллага болон Засгийн газрын тодорхой төлөөлөгчид байна. Ажлын хэсгийн ахлахаар Ш.Раднаасэдийг томилсон. Ингэхээр түвшин, агуулга, ач холбогдол нь өөр нөхцөлд асуудал шийдвэрлэгдэх боломжтой нөхцөл бүрдүүлж өгч байгаа явдал туйлын чухал байлаа.
 
Гол нь би Малайзын Дээд шүүхэд давж заалдах өргөдөл л гаргасан. Тэд зөвшөөрвөл давж заалдах боломжтой болно. Тиймээс би зөвшөөрүүлэхийн тулд Засгийн газартаа хандсан юм. Өмнө Засгийн газартаа хандаж болохгүй байсан. Нээлттэй биш учраас тэр. Нэгдүгээрт эрх зүйн гэрээ байхгүй. Хоёрдугаарт Малайзын шүүх надтай давж заалдаад байсан учраас манай Засгийн газар тус улсын ажилд хөндлөгөөс оролцох боломжгүй. Харин одоо би давж заалдаж байгаа учраас төртэйгөө хамтрах боломж гарч байгаа юм.
 
Ихэнх хүмүүс намайг мөнгөний төлөө яваад байна гэдэг. Мөнгөндөө гол бус үнэний төлөө явж байгаа. “Уучлаарай” гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ. Гэвч зарим хэрэг хийсэн хүмүүс Австралид, зарим нь нутагтаа буюу Малайзад байж байдаг. Ийм л  маш сонирхолтой нөхцөл байдал үргэлжилсээр хорин жил боллоо доо” гэв.
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0