Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
14 цагийн өмнө   205

Зөв.мн сайт "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн хурган дарга Н.Ганхуяг 450 сая балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ" хэмээн нийтлэл гаргахдаа Н.Ганхуягийн зургийг ашиглажээ. Гэтэл тухайн иргэн нь хуулийн байгууллагад өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн гомдол гаргаснаар хуулийн байгууллагаас 20 сая төгрөгөөр Зөв.мн сайтыг торгох шийдвэр гарсан байдаг.

Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарынхнаас ирүүлсэн шаардлагатай санал нэг байна.
Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтаны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш.
Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.
Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш.
Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж,чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ийн холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.
Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна.
Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно" гэжээ.
 
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0