Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
11 цагийн өмнө   168
Мэдээллийн сайт нийтлэлдээ нийтийн албан тушаалтны зургийг эзнийх нь зөвшөөрөлгүй оруулсан гэдгээс үүдэлтэй гомдол, түүнийг тойрсон асуудлууд өнөөдөр Монголд ардчилсан нийгмийн амин сүнс болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөний тулах багана хэр ганхаж байгааг харууллаа. Нөгөө талаар нийтийн албан тушаалтнууд сая болж өнгөрсөн шиг кейс хожим давтагдахад энэ эмзэгшсэн дүрээрээ дахин нялхрахгүй гэх газаргүй. Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал ч бас хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө гэсэн байр суурьтай байгаа аж.
 
Тэрээр өөрийн цахим хуудастаа "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг Хүний Эрхийн Үндэсний Комисс “Биометрик мэдээлэл” гэж мушгин гуйвуулж, улмаар 20 сая төгрөгөөр торгосон нь мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлье.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, сэтгүүлчдийн шаардлага, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж буй иргэдийн дуу хоолойтой бүрэн дүүрэн санал нэгтэй байна. 
Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг хамгаалах бус хүний үндсэн эрхэнд халдсан үйлдэл гаргасныг эрс буруушааж байна.
Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход Хувь хүний мэдээлэл задруулах, хамгаалахтай холбоотой Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн асуудлыг өөрчлөн шинэчлэх шаардлагатай. 
Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль нь ойлгомжгүй, хууль сахиулагч өөрийн үзэмжээр тайлбарлах боломжтой хуулийн хийдэл юм. 
Хууль хүн бүрд тэгш шударга үйлчлэх ёстой. Түүнээс бус аль нэг талд давуу байдал олгодог, зохицуулахаас илүү үл ойлголцол, элдэв хүндрэл үүсгэдэг хуулийн хийдлийг засаж залруулах болно.
Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш иргэн нь мэдэх эрхтэй эрүүл нээлттэй нийгмийн үндэс юм.
Ардчилсан, эрх чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх, иргэний мэдэх эрхэнд халдсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажил үүргээс нь чөлөөлөх болно.
Чөлөөлье бодлого хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан аливаа үйлдэлтэй үл эвлэрэн, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг тууштай хамгаалж ажиллана" гэжээ.
 
 
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0