Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
57 минутын өмнө   119
Дорнод аймгийн Халхгол суманд орших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэр олон улсын анхаарлын төвд байна. Монгол орны зүүн хязгаар дахь нэн ховор биологийн олон янз байдлыг агуулсан тусгай хамгаалалттай бүсийн 80 орчим хувь нь галд өртсөн нь сүүлийн жилүүдэд тохиолдоогүй экологийн том гамшиг боллоо.
 
Уг галыг Японы хөрөнгө оруулалттай "Мобиком корпораци"-ийн удирдлага, ажилтнуудын унаж явсан автомашнаас алдсан гэх мэдээлэл цацагдсаны дараа энэхүү асуудал Япон улсын нийгэм, хэвлэл мэдээллийн салбарт ч хүчтэй цуурайтаж байна.
 
Японы олон нийтийн сүлжээ болон томоохон хэвлэлүүдийн (Kyodo News, Yomiuri Shimbun, ITmedia гэх мэт) мэдээлэл, сэтгэгдлээс харахад тус улсын иргэд уг үйл явдалд маш их харамсаж, эмзэглэн хүлээн авч байна. Байгууллагын болон хувь хүний ёс зүй, хариуцлагыг нэн өндөрт тавьдаг япончуудын хувьд өөрсдийнх нь томоохон компанийн хариуцлагагүй байдлаас үүдэн өөр орны дархан цаазат байгаль эрсдэлд орсонд гүнээ ичиж байгаагаа илэрхийлцгээж байна. Японы иргэд "Хэвлэлийн хурал хийж, тонгойж уучлал хүсээд өнгөрөх нь хангалтгүй. Энэ бол зүгээр гал түймрийн асуудал биш, байгаль орчны эсрэг асар том хохирол" гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.
 
Энэхүү хариуцлагагүй үйлдэл нь олон нийтийн шүүмжлэлээс гадна Мобикомын толгой компани болох KDDI-ийн санхүүгийн зах зээлд шууд цохилт болж байна. Үйл явдлын дараа Токиогийн Хөрөнгийн Бирж дээр тус компанийн хувьцааны ханш унаж, арилжаа нь суларлаа. Олон улсын санхүүгийн шинжээчид болон хөрөнгө оруулагчид KDDI-ийг байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) маш өндөр эрсдэлтэй компани гэж дүгнэж эхэлсэн юм. Охин компанийнх нь гаргасан хариуцлагагүй үйлдэл, түүнээс үүдэх асар их нөхөн төлбөрийн дарамт нь KDDI-ийн бизнесийн нэр хүнд болон хөрөнгө оруулагчдын итгэлийг ийнхүү сулруулж байна.
 
KDDI корпораци албан ёсны мэдэгдэл гаргаж уучлал хүссэн ч энэхүү уламжлалт алхам нь хангалтгүй хариу үйлдэл гэж олон нийт үзэж байна. Иймээс Японы нийгмийн хариуцлагын стандарт болон корпорацийн ёс зүйн дагуу KDDI-аас Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг нөхөн сэргээх тусгай сан байгуулах, байгаль нөхөн сэргээх мэргэжлийн баг, хиймэл дагуулын мониторингийн систем болон ойжуулах туршлагаараа Монгол Улсад бодитой тусламж үзүүлэх шаардлагатай гэж иргэд нь шахаж байна. Түүнчлэн галын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд тус корпораци бүрэн, ил тод хамтран ажиллах ёстойг сануулсаар байна.
 
Япон улс нь дэлхийд байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бизнесийн соёлоороо танигдсан. KDDI-ийн хувьд энэ үйл явдал нь зөвхөн санхүүгийн хохирол төлөх төдий асуудал биш, бизнесийн нэр хүнд болон ёс зүйгээ хамгаалж үлдээх том шалгуур боллоо. Тиймээс уучлалын үгнээс цааш гарч, Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээх бодит ажлуудыг нэн даруй эхлүүлэх нь тэдний дараагийн хариуцлагатай алхам байх ёстой.
 
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0