Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Монголын эмэгтэйчүүдийн холбоо ”Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” хөдөлгөөн эхлүүллэ
5 жил өмнө   440
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн" өрнүүлэхээр санаачилсан талаараа өнөөдөр /2018.10.29/ мэдээлэл хийлээ.
 
Статистикийн мэдээллээс харвал, Монгол Улсын хүн амын 50.84 хувь эмэгтэйчүүд байдаг аж. Үүнээс 78000 гаруй эмэгтэй өрх толгойлон амьдардаг бол улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин 37000 хүүхэд байдаг аж. Эдгээр тоон мэдээллийн цаана нуугдаж байдаг “Гэр бүлийн хүчирхийлэл” хэмээх нийгмийн сөрөг үзэгдэлд бүх нийтээрээ анхаарал хандуулахыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос уриалж, "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлэхээр болжээ.
 
“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран зохион байгуулж буй "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ий талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Хүчирхийлэл газар авч хүний эрх тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна. Гарынхаа чадал, булчингийнхаа бядыг хүүхэд, эмэгтэйчүүдэд гаргаж, бахаа хангаж, хүслээ гүйцээдэг "араатнууд"-тай тэмцэх цаг болсон. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 86 хувь нь эр нөхрийнхөө хүчирхийлэлийг нуудаг, харин 14 хувь нь хүчирхийллийг тэсвэрлэлгүй, хэн нэгэнд хэлдэг гэсэн судалгаа байдаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд 15000 гэр бүл шүүхэд салах өргөдөл гаргасны 12000 нь гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон гэх статистик үзүүлэлт байна. Үүнээс болж 19000 хүүхэд аав, ээжийн бүтэн хайранд өсөлгүй хохирч байна. Гэр бүлээ хуурч, эхнэр хүүхдээ гомдоож, харилцаандаа сэв суулгаснаар хүчирхийлэл мөн үйлдэгдэх нөхцөл байдал үүсдэг нь судалгаанаас харагддаг. Иймээс "ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ" олон нийтийн хөдөлгөөнд таныг, та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Өөрөөсөө эхэлж, ойр дотны хүмүүстээ, хөрш айлдаа, хөндлөнгийн хүмүүст ч сайн сайхнаар хандаж, саар бүхнийг мэдээлж, тусч хүнлэг байдлыг бий болгох нь энэ хөдөлгөөний эхлэл юм. "ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ" санаачилгад хүн бүхний оролцоо чухал. Та хэн ч бай ирээдүйн сайн сайхны төлөө энхрий бяцхан үрс, элбэрэлт сайхан ээжүүдийн төлөө, элэг бүтэн амьдралын төлөө хүчирхийлэлгүй, хүнлэг нийгмийн төлөө яг одоо нэгдээрэй" гэлээ.
 
Ц.ОРГИЛ
Монголын эмэгтэйчүүдийн холбоо ”Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” хөдөлгөөн эхлүүллэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0