Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Мөнгөний бодлогын хүүг 10 хувь болгож буурууллаа
5 жил өмнө   367
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Түүнчлэн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.
 
Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргасан нь энэ юм.
 
Энэ шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.
 
Жилийн инфляци өнгөсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байгаа юм. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй аж.
 
Түүнчлэн коронавирусний тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна.
 
Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь халдварт өвчин тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь  төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байгааг Төв банкнаас мэдээлэв.
Мөнгөний бодлогын хүүг 10 хувь болгож буурууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0