Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Цаг үеийн асуудлаар нийслэлийн холбогдох газрын төлөөлөл мэдээлэл хийлээ
5 жил өмнө   301
Улаанбаатар хотын агаарын бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар Нийслэлийн холбогдох газрын төлөөлөл мэдээлэл хийлээ.
 
Өнгөрсөн өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 12 өрхөөс иржээ. Мэргэжлийн хяналтын газрын шинжээчид дуудлага өгсөн иргэдийн гэрт үзлэг шинжилгээ хийхэд, угаарын хий мэдрэгчийг салгасан байдалтай байжээ. 
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: “Иргэд угаарын хий мэдрэгчийг унтрааснаас үүдэж хордлогод орох явдал цөөнгүй гараад байна. Угаарын хий мэдрэгчээ унтрааж унтаад нас барсан тохиолдол хүртэл гарч байсан. Тиймээс угаар мэдрэгчийг оролдох, байрнаас нь хөдөлгөх эсхүл унтрааж болохгүйг  иргэдэд дахин сануулж хэлье” гэв.
 
Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан хөдөө орон нутаг руу ар гэрийн гачигдал, өвчтэй хүн асрах, тусгай чиглэлийн албан үүрэг гүйцэтгэж байгаа гэх мэт зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэдэд нийслэлийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрлийн хуудас олгож байгаа аж.
 
 
 
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар:  “Нийслэлийн Онцгой комисст хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хүсэлт маш их ирж байна. Хүсэлт ирүүлсэн иргэдэд нотлох баримтыг нь үндэслэж нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа. Онцгой дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэнийг 150 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг сая 500 мянган төгрөгөөр торгох учраас иргэд та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед  төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг хүсэж байна” гэлээ.
 
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 92 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчлөлөөр 2185 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2,6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 360 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаагаас 70 орчим хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх дуулгалаа. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын албан хаагчид эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авч, зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна.
 
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан хуурайшилт нэмэгдэж байгаа учраас иргэдийг ой хээрийн түймрийн аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ үлдээх, угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлж зуух яндангийн битүүмжлэлийг сайтар шалгаж нягталж байхыг албаныхан санууллаа.
 
 
Цаг үеийн асуудлаар нийслэлийн холбогдох газрын төлөөлөл мэдээлэл хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0