Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дөрөвдүгээр сарын 1-нээс Япон, БНСУ, ХБНГУ руу тусгай нислэг үйлдэнэ
4 жил өмнө   233
Манай улс өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн тусгай нислэгээр 983 иргэнээ эх орондоо авчирсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-нээс  Япон, БНСУ, ХБНГУ руу нэмэлт нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн талаар УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ. 
 
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: “Ирэх сарын 1-нээс тусгай нислэгээр БНСУ, Япон, ХБНГУ-аас монгол иргэдээ татан авахаар бэлтгэл хангаж байна. Нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын эмч байцаагч нар багтана” хэмээв.
 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 7242 ор бүхий 106 тусгаарлах байранд 1804 хүн ажиглалтад байна. Энэ сарын 23-24-нд 93 иргэнийг нэмж тусгаарласан бол 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгаагаар тусгаарлалтаас гаргажээ. Сэлэнгэ, Орхон аймгуудад тусгаарлах байрууд дүүрч байгаа учир нэмэлт тусгаарлах байр бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Тусгаарлах байрны дотоод хяналт сул байгааг албаны хүмүүс хэллээ. Тодруулбал, МХЕГ тусгай нислэгээр ирсэн иргэдийн байрлаж буй Улаанбаатар хотын 7 зочид буудал, сувиллын газарт шалгалт хийж 11 зөрчил илрүүлсэн байна. Тусгаарлагдсан иргэдтэй харьцдаггүй буюу хоол бэлтгэгч болон бусад ажилтнууд хамгаалах хувцас хэрэгсэлгүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхгүй, дотоод хяналт сул байгааг тэмдэглэв.
Өнөөдөр Замын үүд хилийн боомтоор 30 монгол иргэн, мөн тооны том оврын машины жолоочийг татан авахаас гадна БНХАУ-аас тусламжаар ирж буй оношлуур, амны хаалтыг хүлээж авах юм.
 
Түүнчлэн сүүлийн үед иргэдийн хариуцлага сулрах хандлага ажиглагдаж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр онцлов. Тэрбээр “Эхэлсэн бол төгсгөлийг нь үзтэл халдварт өвчинтэй хариуцлагатайгаар тэмцэж хор хөнөөлгүй давахын тулд анхаарлаа огт сулруулж болохгүй. Тусгаарлах байрнаас гараад үргэлжлүүлэн гэрээр тусгаарлагдаж буй иргэдийг хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг дахин сануулъя. Тусгаарлалтад байсан иргэдийг төрийн болон ААН-ийн удирдлагууд ажил төрлөөс нь халж болохгүй. Шаардлагатай тохиолдолд иргэдэд тусгаарлалтад байсан тухай тодорхойлолт өгч байгаа. Онцгой нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг албан байгууллагын удирдлагуудаас хүсэж байна” гэв.
 
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: "ОХУ болон Казахстан улсаар дамжин Европын орнуудаас ирж буй тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгасан. Энэ сарын 22-24-нд Алтанбулаг, Цагааннуур, Эрээн цав, Замын үүд боомтоор 8401 тонн нүүрс тээвэрлэсэн 69 тээврийн хэрэгсэл улсын хилээр гарсан байна. Мөн 3319 тонн хүнсний бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн 563 жолоочийг улсын хилээр нэвтрүүлж эрүүл мэндийн хяналт тавьж байна" гэлээ.
 
Тусгаарлах байрууд болон хилээр орж ирж буй тээврийн хэрэгслүүд дээр тусгай наалт нааж байгаа. Хэдийгээр ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ч тусгаарлагдсан объект учир ийм наалттай объект тээврийн хэрэгсэлд ойртохгүй байхыг анхаарууллаа.
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс Япон, БНСУ, ХБНГУ руу тусгай нислэг үйлдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0