Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хоёр хөлгүй ч Монголдоо цор ганц протезын үйлдвэр байгуулсан бүсгүй
4 жил өмнө   2908
Далавчтай бол нисэхсэн гэж хөл, гар бүтэн, арван хуруу нь тэгш хэрнээ л бид шунан дуулаад байдаг.  Энэ нь хүссэн зорьсон бүх зүйл рүүгээ гэрлийн хурдаар хүрч очих гэсэн хүний адгуу шунал л даа. Үлгэрт гардаг сахиусан тэнгэр л биш бол энгийн хүнд энэ бүтэшгүй мөрөөдөл юм. Тэгвэл хоёр хөлөө харамсалтай явдлаар алдан, дэгэн дэрвэж, дэгдэн гүйж чадахаа болиод тэргэнцэр дээр насаа өнгөрөөж буй нэгэн юу гэж боддог бол...
 
Тэр далавч хүсдэг болов уу. Далавчны тухай нуршсан нь хоёр хөлгүй хэрнээ хөл гар нь өв тэгш нэгнээс ч илүүг бүтээж, Монголдоо анхлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан протезын үйлдвэрийн шанг татсан эмэгтэйн тухай өгүүлэх гэснээс үүдэлтэй юм.
Саяхан даа. Төрийн ордоны баруун хойд хаалганы өмнө тэргэнцэртэй нэгэн эмэгтэй суулт хийж байсныг та санаж буй биз ээ. Тэр бол бидний сурвалжлагын баатар А.Оюунцэцэг юм.
 
А.Оюунцэцэг бага балчир насандаа моринд хөлөө гишгүүлж, бэртсэний улмаас ийнхүү хөлгүй болжээ. Эрүүл саруул болох боломж байсан хэдий ч сумын төвийн эмч буруу эмчилж, улмаар хөлөө тайруулахад хүрсэн гэдэг. Хүүхэд нас нь тэр чигтээ өвдөлт шаналал дунд өнгөрсөн ч тэрбээр гуниг гутралд автан, гараа хумхиж суудаг нэгэн болж өссөнгүй. Үүнийг одоо хийж буй ажил үйлс нь гэрчилнэ.
 
Дээд боловсрол эзэмших нь битгий хэл гуравдугаар ангийн боловсролтой хөгжлийн бэрхшээлтэй бүсгүй бүхэл бүтэн Бээжин хотын Протезын үйлдвэрт хандаж, хөрөнгө оруулалт татаж чадсан гэхээр бахархал төрүүлнэ. Ингэж зориглосон түүх нь ч талархмаар.
“Багшийн дээдийн урдуур хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс их явдаг байв. Тэгэхэд тэнд хувийн тав, зургаан протезын үйлдвэр байдаг гэж сонссон. Тэгээд л улсын үйлдвэр дээр очсон. Улсын үйлдвэр хууль дүрмийнхээ дагуу, хөлний хэмжээг авч, тохирох хэрэгслийг нь өгдөг байсан. Харин хувийн үйлдвэр нь хүн рүүгээ утасдаад гэрт нь эсвэл нэг газар дуудаж уулзана. Тэгээд протезынхоо материалуудыг бүрдүүлээд халамждаа өг. Нэг хөлөнд 250 мянга, хоёр хөлөнд 500 мянган төгрөг ороод ирнэ. Тэгэхээр 250 мянган төгрөгийг нь би авна. Үлдсэн 250 мянган төгрөгийг та ав гэдэг байсан. Үүнийг ерөөсөө ч ойлгоогүй. Хүлээн зөвшөөрч чадаагүй. Бусад хүмүүс ч ойлгож, хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс би өөрөө ийм  үйлдвэр байгуулах нь зөв гэсэн шийдвэр гаргаж гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан. Тэд чи өөрөө мэд гэсэн. Нэг нь ч хориглоогүй” гэж үйлдвэр байгуулах санаа төрсөн тухайгаа А.Оюунцэцэг ийн өгүүлж байв.
 
-Халаасандаа 3 сая төгрөгтэй явсан түүнд 40 саяар хөл хийнэ гэжээ-
 
 
Тэрбээр энэ санаагаа бүтээхээр Монголын бүх банкаар орсон ч хөгжлийн бэрхшээлтэй түүнд нэг ч банк зээл өгөөгүй байна. Ингээд цагаан утас ажиллуулж, түүнээсээ олсон гурван сая төгрөгөө халааслаад Бээжин явжээ. Тэгтэл тэнд протезын үйлдвэрийн бүхэл бүтэн цогцолбор угтсан байна. Түүнийг хараад мөрөөдөл нь улам хүчтэй оргилж, гадаадын хүмүүс олноор үйлчлүүлдэг энэ үйлдвэрийг Монголдоо заавал байгуулна гэсэн зорилго болж өөрчлөгджээ. Ингээд хэрэгсэл захиалах өрөөнд орж, үзүүлж суух завсартаа монгол хүний сэргэлэн зангаараа “Би хөл хийлгэх гэж ирээгүй. Энэ үйлдвэрийг Монголд байгуулмаар байна” гэж хэлээд авсан гэдэг.
 
Тэр үед үйлдвэрийн захирал танд хамгийн багадаа нэг хөл нь 20 сая. Хоёр хөл нь 40 сая төгрөгөөр хөл хийх юм байна гэж байжээ. Гэвч А.Оюунцэцэг дан ганц хөл биш бүхэл бүтэн үйлдвэр Монголдоо байгуулмаар байна гэдгээ хэлэхэд захирал ихэд олзуурхан хүлээн авсан байна. Тэрбээр “Би чамд ийм үйлдвэр нээж өгье. Чи Монгол дахь салбарын даргаар ажиллах уу” гэсэн саналыг тавьжээ. А.Оюунцэцэг үүнийг ч бас хүлээж авсангүй. Түүнд Бээжингийн үйлдвэрийн салбарын захирал болохоос илүүтэй хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллаж Монголдоо үйлдвэрлэл эрхлэгч болох нь илүү санагдсан гэнэ.
 
Ингээд халаасандаа хоёр битгий хэл нэг хөл хийлгэж ч хүрэхгүй мөнгөтэй явсан тэрбээр Монголынхоо бусад хөгжлийн бэрхшээлтэй олон мянган иргэдэд хөлийг нь орлох протезын хэрэгсэл нийлүүлэх том үйлдвэрийн эзэн болох мөрөөдөлтэй буцаж ирэв. Ирмэгцээ Монголын бүх л арилжааны банкуудад хандсан боловч мөн л амжилт олсонгүй. Тиймээс дахин Бээжинг зорьжээ. “Би Бээжин рүү тав, зургаан удаа явсан. Зургаа дахь удаагийнх дээр нөгөө хүн хүлээж авсан.  Монгол Улсаас тав, зургаан удаа ирсэнийг тань сонссон. Та бол шантрашгүй эмэгтэй байна. Би арав хоногийн дараа Монголд очно” хэмээснээр тэдний хамтын ажиллагаа эхэлж, өнөөдрийн “Эрхэм чанар” протезын үйлдвэр байгуулагджээ.
 
 
“Тухайн үеийн үйлдвэрүүд бядтайхан айлын үүдний амбаараас дутахгүй байна гэж их шүүмжлүүлж байсан. Тиймээс би халуун устай, ойрхон түрээсийн газар хайж эхэлсэн. Үйлдвэрээ бүхнийг нэг дороос гэдэг зарчимтай байлгахыг хүссэн. Энэ нөхцөл байдалд сайхан хань минь дэмжлэг үзүүлж өөрийн гараар барилгын зургийг зурж, босгосон. Зургаа гаргаад барилгаа барихаар дахиад л бүх банкаар явсан.  Эцэст нь төрийн банкнаас тэрбум 500 сая төгрөгийн зээл авч, барилгын ажлаа эхэлсэн дээ” хэмээн тэрбээр ярилаа. Ажил ийнхүү ид дундаа явж байтал нөхөр нь (2014) бурхны оронд оджээ.
 
“Ханийг минь өөд болоод 49 хоног нь ч дуусаагүй байхад өрөө нэхээд эхэлсэн. Ингээд ханийнхаа хийсэн бүтээснийг үргэлжлүүлэх үүрэг надад оногдсон. Хүү, бэр хоёртойгоо өдөр шөнөгүй ажилласаар барилгаа дуусгаж, нөхрийнхөө төрсөн өдрөөр нээлтээ хийж байлаа. Барилга дуусаад ажил эхлэх үедээ тэрбум 600, тэрбум 200 сая төгрөгийн хоёр тендэрт ялсан. Харин дараа нь протезын үйлдвэр биш таяг болон эд материалуудыг оруулах тендерт оролцоод өртэй учир ялагдсан. Гэсэн ч ажлаа үргэлжлүүлж байгаа” хэмээн хэрхэн үйлдвэрээ босгож, өнөөдрийг хүрснээ ярилаа.
 
Одоо тэр 30 шахам хүнийг ажлын байраар хангаж, амжиргаатай нь залгуулахынзэрэгцээ үйлдвэрээ өргөжүүлж, Монголдоо таяг үйлдвэрлэдэг болсон амжилтын эзэн. Гэвч дөрөвдүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрийнх нь барилгыг Төрийн банк дуудлага худалдаагаар оруулж, хүнд байдалд оруулжээ. 
Тэрбээр “Монголд өөрийн гэсэн протезын эд материалын үйлдвэр байдаггүй.  Эрээнээс оруулж ирж аймаг, дүүргүүдийн халамж руу шахдаг. Би энэ асуудлыг олж хараад Монголдоо, өөрсдөө хийх нь зөв гэж шийдээд таягны үйлдвэрийг оруулж ирсэн. Бэлдэцээ Хятадаас аваад, Монголдоо таягаа үйлдвэрлэж байна. Гэтэл түүнийг минь хэн ч огт тоогоогүй. Энэ сарын 17-ны өдөр барилга  минь  дуудлага худалдаанд орсон. Төрийн банк 3 тэрбум төгрөгөөр үнэлсэн учир тэмцэхээс өөр аргагүй болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаад, Төрийн гурван өндөрлөгтэй уулзая гээд ордны баруун талд суулт хийж эхэлсэн.
 
 
Эхний суулт буюу нэгдэхэд үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас уулзах мэдэгдэл ирсэн. Гурав дахь өдрийн өглөө Ж.Батзандан гишүүн гарч ирсэн. Дараа нь УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол гарч ирсэн. Д.Оюунхорол гишүүн эмэгтэй хүнийхээ хувьд нүдэндээ нулимстайгаар асуудлыг минь сонссон. Тэгээд УИХ-ын даргад хэлье. Таныг удаан суулгаж байгаад уучлаарай хэмээсэн. Үдээс хойш их хурлын дарга хүлээж авсан” мөн “МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж авсан” гэж суулт хийх болсон шалтгаанаа учирлав. 
 
 
А.Оюунцэцэг үндсэн зээл болох тэрбум 500 сая төгрөгнөөс 658 сая төгрөгийг төлсөн байна. Уг төлөлтийг үндсэн зээлээс нь хасч, үлдсэн зээлийг уртасгаж өгөх хүсэлтийг төр засгийн удирдлагууд уламжилжээ. Мөн Монгол Улсдаа ганц энэхүү үйлдвэрийг ажиллах эрхзүйн орчноор хангаж, таягны үйлдвэрийг нь дэмжиж өгөхийг хүссэн байна. Харин түүний хүсэлтийг тэд хүлээн авч, асуудлыг шийдэрлэж өгчээ. 
 
 “Эрхэм чанар” үйлдвэрийн захирал А.Оюунцэцэгийн өрөөний хананд “Монгол Улсын эрүүл мэндийн гавьяат ажилтан” гэсэн шагнал өлгөөтэй бий. Түүний ажил үйлс бэрхшээл, сорилттой тулгарсаар байгаа ч хичээл зүтгэл, гавьяаг төр засаг үнэлж, шагнасан нь талархмаар. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, ялангуяа төрийн хийж чадаагүй ажлыг хийж, бусдадаа гэрэл түгээж, далавч ургуулж буй иргэдээ бодитоор дэмжих хэрэгтэйг түүнд тохиолдсон дээрх явдал харуулж байна. 
 
 
 
 
 
 
 
Хоёр хөлгүй ч Монголдоо цор ганц протезын үйлдвэр байгуулсан бүсгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • зочин [202.179.26.215] 4 жил өмнө
    мундаг байна,яаж зүгээр байхав,харлуулагч муулдагууд их байдаг юм билээ,Uma Suri гээд ХБ-тэй авгай их л муулж бичсэн байх юм билээ яаацийн бол
  • Badmaa [202.9.40.173] 4 жил өмнө
    hodolmorch busguidee amjilt huse! Ta chadna gedegt itgej bna