Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монголын хүүхдийн байгууллагын 95 жилийн ой тохиож байна
4 жил өмнө   397
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, Их зохиолч Дашдоржийн Нацагдорж одоогоос 95 жилийн тэртээ 1925 оны 5 дугаар сарын 8-ны энэ өдөр Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй байгууллагыг байгуулсан юм.
 
Тухайн үед тус хүүхдийн байгууллагыг их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар 2 бүлгийн 51 хүүхдийг пионерт элсүүлж байжээ. Пионерын  1 дүгээр бүлгийг В.И.Ленин, 2 дугаар бүлгийг К.Маркс хэмээн нэрлэж даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгон Үлгэр жишээ дунд сургууль дэргэд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” хэмээн байгуулсан юм.
 
Пионерын тангаргаа өргөсөн анхны пионерууд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч болохоо харуулж Хүндэт иргэд болсон түүхтэй. Пионерын байгууллага нь өсвөр үеийг эх орон ард түмнийхээ үйл хэрэгт үнэнч, соёлч боловсон, хөдөлмөрт дуртай иргэн болгон хүмүүжүүлэх, бага насны хүүхдийг шашны нөлөөнөөс ангижруулж эрдэм ном сурахыг гол зорилгоо болгож байсан юм.
 
Пионерын бүлгүүд 7 хоног тутамд гэгээрлийн хурал хийх, ном сонин унших, нам засгийн бодлогыг ухуулан таниулах, биеийн тамир, жагсаал ёслол, хөл гарын сургууль хийж, “Улаан туг”, “Шивээ хиагт”, “Интернациональ”, “Пионерын дуу” дуулж жагсдаг байсан нь тухайн үед хүмүүжлийн чухал нөлөө үзүүлсэн билээ. Тус байгууллага анх хөдөлгөөн, бүлэг байдлаар үйл ажиллагаа явуулсан бол социалист нийгмийн үед улам өргөжин хүүхдийн байгууллага болсон түүхтэй.
 
Нийслэлийн хүүхдийн байгууллага нь 1953 оны Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны 2 дугаар бүгд хурлын шийдвэр Улаанбаатар хотын пионерийн зөвлөл, Улаанбаатар хотын Ардын   хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 255 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө төв, Нийслэлийн Засаг даргын 1997.03.16-ны өдрийн  захирамжаар Нийслэлийн хүүхэд, залуучууд эмэгтэйчүүдийн газар, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 18 дугаар захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэмээн байгуулагдсан юм.
 
Нийслэлийн Засаг даргын 2004 оны захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 64 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 32 дугаар тогтоолоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болж байжээ.
 
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол Нийслэлийн засаг даргын А/241 тоот захирамжаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдаж ирсэн түүхтэй.
 
Өнөөдөр хүүхдийн байгууллага нь хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
 

 

Монголын хүүхдийн байгууллагын 95 жилийн ой тохиож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0