Цөөн үгээр:
  • Импортолсон амны хаалтны хэмжээ 17.5 саяд хүрэв
  • Цар тахлын хүндрэлийг давахаар ОУВС-аас $100 саяын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ
Коронавирусийн халдвартай өвчтөнийг тээвэрлэх зориулалтын машинтай боллоо
3 долоо хоног өмнө   112
БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллагаас хандивласан сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг Улаанбаатар хотын захиргаанд гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн төв байранд боллоо.
 
Сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг коронавируст халдварын ид дэгдэлтийн үед Ухань хотод халдварт өвчтнийг эмнэлэг рүү тээвэрлэхэд хэрэглэж эхэлжээ. IVECO брэндийн сөрөг даралтат яаралтай тусламжийн машин нь энгийн түргэн тусламжийн машинаас өөр бөгөөд халдвартай өвчтөнийг зөөвөрлөхөд хэрэглэдэг. Тус машин доторх агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгаж, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг байна. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлнэ.
 
Халдвартай хүнийг тээвэрлэж байгаа үед эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг. Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн ба үүнд AII6001A брэндийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхний цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтсан гэдгийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хэлж байв.
 
 
Коронавирусийн халдвартай өвчтөнийг тээвэрлэх зорилгоор тоноглосон сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь 350,000 юанийн өртөгтэй юм байна.
 
БНХАУ-ын Элчин Сайд Чай Вэньруй уг арга хэмжээнд оролцож, "Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дотоодод халдвар тархаагүй байна. Энэ бол маш том амжилт. Маш ойр харилцаатай манай хоёр улс бие биенээсээ халдвар авсан тохиолдол гараагүй байгааг би онцлон хэлмээр байна. Энэ нь вирустэй тэмцэхэд бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж байгаагийн үр дүн" хэмээж байлаа.
 
ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллагаас хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж, эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрдэл бүхий сөрөг даралтат түргэн тусламжийн машин, 5,000 ширхэг N95 маскыг мөн өнөөдөр олгожээ.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд "БНХАУ-ын Засгийн газраас Коронавируст халдвартай тэмцэхэд шуурхай арга хэмжээ авч, богино хугацаанд халдварыг эрс бууруулж чадсанд талархал илэрхийлье.
 
Дэлхий дахинд цар тахалтай тууштай тэмцэхэд, хохирол багатай даван туулах, хүн амынхаа амь нас, аюулгүй байдлыг хангахад улс орнууд ихээхэн идэвх чармайлт гаргаж байна. Шинэ зорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Энэ хариуцлагатай үед бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа БНХАУ-ын Засгийн Газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмайн байгууллагад талархал илэрхийлье" гэв.
Коронавирусийн халдвартай өвчтөнийг тээвэрлэх зориулалтын машинтай боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0