Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Метро хот: Хог хаягдлыг ангилан хаяж сурцгаая
4 жил өмнө   694
Гудамж талбай, амралтын газар, голын эргийн ойролцоо  хаа сайгүй  ундааны сав, гялгар уутны хог хийснэ. Сүүлийн өдрүүдэд гадаа сэрүүсч салхитай байсныг ч хэлэх үү. Энд тэндгүй хог хийсэж харагдана. Хүн бүр бие биендээ хог бүү хая гэж сануулах ч,  хогыг ангилан хаях талаар давхар сануулмаар  юм. 
 
Учир нь ихэнх хүмүүс ахуйн хог хаягдалаа бүгдийг нь нийлүүлэн  нэг торонд хийгээд хаях нь элбэг. Үүний шалтгаан нь орц, хашаа, гудманд хог ангилах хогийн сав байдаггүйтэй холбоотой гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч үнэхээр хогийг эх үүсвэр дээр нь ангилж хаях соёл, дадлыг суулгаж чадвал заавал зориулалтын хогийн сав биш гялгар уут,  ч ангилан хийх боломжтой.
 
Монголчуудад одоогоор хогийг ангилж хаяхын ашиг тус, зөв дадал хэвшлийг сайн ойлгож өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлээгүй учраас энэ соёлыг гадных  мэт хүлээж авдаг байх. Харин өндөр хөгжилтэй орнуудад манайх  шиг 10-20 метрийн зайтай хогийн сав элбэг тааралдахгүй. Ихэвчлэн сүлжээ дэлгүүр, автобусны буудлын хажууд л харагдана. Иргэд тэнд байх хогийн саванд ямар ч хамаагүй хогийг хийхгүй, гаднах зааврынх нь дагуу хогоо ангилан хийнэ. Мөн Япон улсад хогийг өрх бүр ангилж хаяхааас гадна хог тус бүрийг өөр, өөр өдөр хаядаг. Жишээлбэл, шатдаг хогийг мягмар, хуванцар савыг лхагва гарагт гэх мэт өдрүүдэд хаяна. Хаягдал шилийг хүртэл өнгөөр нь ангилж хаядаг. Энэ соёлыг өрх бүр хэрэгжүүлэхийн тулд  улс, нийтээрээ тусгай бодлого, төлөвлөгөөний дагуу  ажиллаж ард иргэдийнхээ  ухамсарт нөлөөлж чадсан болов уу.
 
Хогийг ангилж хаях нь хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг.  Энэ соёлыг дадал болгохын тулд өрх гэр бүр зөв хэвшлийг бий болгох хэрэгтэй. Дараа нь алхам алхмаар нийтийг уриалж, найз нөхөд, хөршдөө үлгэр дуурайлал болж уриалах ёстой болов уу.  Хог ангилах соёл нь дэлхийн ихэнх оронд хүлээн зөвшөөрөгдсөн. Харин манайд өнөөдрийг хүртэл хүн бүрийг зөвхөн хогийн сав ашиглаж сургахад л бүх анхаарлаа хандуулсаар байгаа нь  харамсалтай юм. 
Метро хот: Хог хаягдлыг ангилан хаяж сурцгаая
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0