Цөөн үгээр:
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйлчилгээг цахимжууллаа
Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургууль ашиглалтад оруулна
1 сар өмнө   561
БШУСЯ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019 онд” эмхэтгэлийг өнөөдөр танилцууллаа. 
 
Уг эмхэтгэлд өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд хэрэгжүүлсэн 2200 гаруй төслийн мэдээлэл, санхүүжилтийн эх үүсвэр, байршил, үр шимийг хүртэгчдийн тоо, бий болгосон ажлын байр зэрэг мэдээллийг иргэд, иргэний нийгмийн байгууллага, шийдвэр гаргагчдад ойлгомжтой байхаар цуглуулан боловсруулжээ.
 
Нийслэлийн хэмжээнд 2016-2019 онд шинээр 33 сургууль, 77 цэцэрлэгийг барьж бүрэн ашиглалтад оруулсан бол 2020 онд 60 цэцэрлэг, 35 сургууль барьж ашиглалтад оруулах аж. Одоогийн байдлаар  27 сургууль цэцэрлэгийг хүлээн авч, 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилтын ажлыг хийж хэрэгжүүлжээ. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн ачаалал буурч сургууль хоёр ээлжинд бүрэн шилжиж, цэцэрлэгт хамрагдалт 82 хувьд хүрчээ. Мөн огт сургууль, цэцэрлэггүй байсан 25 хороо сургууль, цэцэрлэгтэй болж боловсролын чанар, хүртээмж дээшилжээ.
 
Гурван жилийн хугацаанд нийтдээ 636 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын ажилд оролцож нийт 7600 гаруй ажлын байр нэмэгдсэн. Үүнээс шинээр 2800 гаруй ажлын байр нэмэгдсэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон гэдгийг албаныхан хэллээ.
 
Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Энэхүү эмхэтгэл нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн бааз бий болгож буйгаараа онцлогтой. Татвар төлөгчдийн хуримтлуулсан төсвийг үр ашигтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах ажлыг нийслэлээс тодорхой судалгаа, эрэмбэ дараа, шалгууртайгаар хэрэгжүүлэх бодлогыг цаашдаа ч баримтлах болно” гэлээ.
 
Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургууль ашиглалтад оруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0