Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
2 өдрийн өмнө   98
Монгол Улсын ирэх таван жил тодорхой, ойлгомжтой боллоо. Учир нь Засгийн газар нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хөзрөө дэлгэж, бодлогоо танилцуулав. Гэхдээ ирээдүйн таван жилийн талаар ярихаасаа өмнө эхлээд энэ засгийн одоогийн бодлогод дүн тавих хэрэгтэй болно. Засгийн газар эдийн засгийн бодлогын хувьд хэр ажиллаж байгаа вэ. 
 
Төгрөг ингэж “ярьж” байна
 
Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн бодлогын хувьд зөв нүүдэл хийж байгаа. Үүнийг сүүлийн хэдэн сарын тоон үзүүлэлтүүд батална. Үнэндээ Монголын эдийн засаг сараас сард сайжирч, санхүүгийн “эрүүл мэнд” өдрөөс өдөрт илаарьшиж байна. Үндэсний статистикийн хороо аравдугаар сарын макро эдийн засгийн үзүүлэлтийг хэд хоногийн өмнө танилцуулсан. Өнгөрсөн сард нүүрсний экспортоос эхлээд төсөв, төлбөрийн тэнцэл гээд эдийн засгийн амин үзүүлэлтүүд дээрджээ. Улсын төсөв гэхэд Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн болсноос хойш эрүүлжиж, ашигтай гардаг болов. Төлбөрийн тэнцэл ч ялгаагүй, 53 сая ам.долларын ашигтай гарсныг статистикийн байгууллага мэдээлж байна. Валютын орох, гарах урсгалыг илтгэдэг төлбөрийн тэнцэл сайжирсан нь төгрөгийн ханшид тусгалаа үзүүлж, төгрөг ам.долларын эсрэг сүүлийн нэг сарын хугацаанд 10 гаруй төгрөгөөр чангарлаа. 
 
 Төсөв эрүүлжиж, төгрөг чангарч, өр тогтворжиж, валютын нөөц дээд түвшинд хүрлээ. Г.Занданшатарын Засгийн газар богино хугацаанд бодит үр дүнг авчирч чадлаа. Үүнийг зөвхөн тоон үзүүлэлтүүд баталсангүй. Олон улсын нэр хүндтэй байгууллагууд ч хүлээн зөвшөөрч байна. Олон улсын үнэлгээний “Их гурвал” гэгддэг S&P, Moody's, Fitch агентлаг Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн бодлогод эерэг дүн тавьж, манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг ахиулж, баталгаажуулав.  
 
 Тэгвэл ирэх жилүүдэд Засгийн газар энэ зөв нүүдлээ үргэлжлүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэдийн халаасанд, түмний амьдралд мэдрүүлнэ. Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулсан “Шинэ итгэл – эрс шинэтгэл” бодлого үндсэндээ монгол хүний орлогыг хамгаалахад чиглэж байна. 
 
Иргэддээ илүү ихийг 
 
Засгийн газар 1990 оноос хойших дөрөв дэх удаагийн татварын багц шинэчлэл хийхээр зориг шулууджээ. Ингэхдээ иргэд, бизнес эрхлэгчдэд хамгийн хамаатай ААНОАТ, ХХОАТ, НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулахаар зорьж байна. Энэ багц шинэчлэл цогц байдлаар хэрэгжсэнээр иргэд, бизнес эрхлэгчдийн нуруун дээрээс 3-4 их наяд төгрөгийн татварын ачааллыг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл, өмнө нь төр хурааж авдаг байсан 3-4 их наяд төгрөгийг иргэд, бизнес эрхлэгчдийн гарт үлдээж, ийм хэмжээний ачааг татвар төлөгчийн нуруун дээрээс авах нь.
 
Жишээ нь НӨАТ-ыг авч үзье. Засгийн газар НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад тооцох НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь байсныг 2.5 дахин өсгөж, 5 хувь болгохоор тусгаад байна. Энгийнээр тайлбарлавал, нэг улиралд буцаан олголтоор 50 мянган төгрөг авдаг байсан иргэн ирэх оноос 125 мянган төгрөг авна гэсэн үг. Ингэж иргэдэд үлдэх мөнгийг нэмэгдүүлж, өрхийн орлогыг хамгаална. Засгийн газрын татварын цогц шинэчлэл бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, иргэний цалин хөлсийг хамгаалахад чиглэж байгаа юм. 
 
                  Засгийн газар эрх чөлөөгөөр эдийн засгийг өсгөнө 
 
Засгийн газар ирэх таван жилд бизнесийн эрх чөлөө, ойлгомжтой орчин, тогтвортой бодлогыг амлаж байна. Үүний тулд Монголд бизнес эрхлэхэд ус, агаар мэт хэрэгтэй байгаа хэд хэдэн шинэчлэлийг зориг гарган, эрсдэл үүрэн хийхээр төлөвлөжээ. 
 
Нэгд, төрийн өмчийг хумьж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ. Төр эдийн засаг, бизнесийн салбарт том тоглогч болж, хувийн хэвшлийн хүчтэй өрсөлдөгч болсон. Гэвч төрийн гэх тодотголтой өмч томрохын хэрээр түүний ард авлига, хулгай үүрлэж, үрэлгэн, үр ашиггүй байдал газар авлаа. Тиймээс ирэх жилүүдэд эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгохоор зорьж байна. Эхний ээлжинд МИАТ, ДЦС-3, Төрийн банк зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжийг хэсэгчлэн олон нийтийнх болгоно. Мөн ТӨК-иудад хиймэл оюун нэвтрүүлж, төрийн худалдан авалт, тендер шалгаруулалтыг технологийн хүчээр ил тод, шударга, шилэн болгох юм. Хиймэл оюунд танил тал, арын хаалга гэж үгүй учир төрийн өмчит компаниуд болон төрийн албанд ил тод, нээлттэй, шударга байдал хангагдана.  
 
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, харин бизнесийн эрх чөлөөг тунхаглана. Энэ хүрээнд Эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн хуулийг зүтгүүлж, бизнес эрхлэх эрх чөлөөг баталгаажуулна. Төр, түүний эзэмшиж буй өмч багасахын хэрээр бизнес цэцэглэж, иргэд хөрөнгөждөг. Энэ хэрээр илүү олон ажлын байр бий болж, иргэдийн цалин орлого өсөж, эдийн засаг тэлдэг. Ингэж Засгийн газар эрх чөлөөгөөр эдийн засгийн өсгөнө. 
 
Үйлдвэрлэгч үндэстэн
 
Уул уурхай гэх ганцхан тулгууртай эдийн засгийн зовлонг өнөөдөр бид амсаж байна. Нүүрс, зэс, алт гэх гарын арван хуруунд багтах түүхий эдийн үнэ савлахад Монголын эдийн засаг түүнийг даган ганхсаар. Иймд Засгийн газар ирэх таван жилд ганц биш олон тулгууртай болгож, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлнэ. Үүний тулд боломжит зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг бүтээгч улс болох зорилт дэвшүүлж байна. Эдийн засгийн бүтцийн шинэчлэл эрчим хүч, татвар, хөдөө аж ахуйд суурилна. 
 
Эхний ээлжинд газрын тос, зэс, нүүрс баяжуулж, боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна. Газрын хэвлий доороо түүхий тосны арвин нөөцтэй Монгол Улс айлаас шатахуун түлш гуйдаг гутамшигт байдалд Засгийн газар цэг тавина. Бас түүхий эдээ түүхийгээр гаргахаа больж, зэс, нүүрсээ нэмүү өртөг шингээж, илүү үнэ цэнтэй болгохоор зорьж байна. 
 
Бас стратегийн салбар болох хүнсээ ч мартсангүй. Ирэх таван жилд хүнс, хөдөө аж ахуйн салбарт эрс шинэчлэл хийж, ноос ноолуур, арьс шир гээд хөнгөн үйлдвэрээ хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэ засаг хүнд, хөнгөн үйлдвэрлэлээ зэрэгцүүлэн хөгжүүлнэ. Ингэж өөрсдөө үйлдвэрлэдэг болсноор хүний гар харахаа болино. Бас үнийн өсөлтөд дарлуулахааргүй болно. Улмаар иргэний цалин орлогыг инфляцад идүүлэхээс сэргийлж, таны халаасан дахь мөнгөний үнэ цэнийг хамгаалж чадна. 
 
Холын биш ойрын төлөвлөгөө  
 
Алс холын төлөвлөгөөнөөс ард түмэн үнэндээ залхаж байна. Харин хөрсөндөө буусан, хүний амьдралд ойр, тогтсон хугацаа, тодорхой хэмжих нэгжтэй төрийн бодлого, хөгжлийн төлөвлөгөөг хүсэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулсан энэ төлөвлөгөө бол эцэг хуульдаа оруулсан бодлогын өөрчлөлтийн бодит биелэл. Хөгжлийн тогтвортой зорилтын бодит тусгал юм. “Шинэ итгэл – эрс шинэтгэл” бол цаасан дээр буусан жагсаалт бус цаг үеийн шаардлага юм. 
 
Тиймээс иргэд, бизнес эрхлэгчдэд, гадаадын түншүүд, хөрөнгө оруулагчдад тодорхой, тогтвортой, ойлгомжтой таван жилийг Засгийн газар амлаж байна. Энэ төлөвлөгөө дунд хугацаанд буюу таван жил хэрэгжих учраас буух эзэнтэй, буцах хаягтай. Хэрэв хэрэгжихгүй бол хариуцлага тооцох эзэнтэй, ам асуух автортой. Орлогыг тань хамгаалах ойлгомжтой таван жил таныг хүлээж байна. Харин та бэлэн үү. 
 
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0