Дархан Юнайтед баг Үндэсний дээд лигийн шинэ улирлыг 5-0 гэсэн төгс амжилттай эхлүүлж, хүснэгтийг ганцаараа тэргүүлж байна. Өнгөрсөн улиралд ч гэсэн энэ багт авьяаслаг залуус, өрсөлдөхүйц бүрэлдэхүүн байсан. Гэвч тоглолтын зарим чухал мөчид туршлага, манлайлал, ялагчийн сэтгэлзүй дутагдаж байгаа нь анзаарагддаг байлаа. Харин энэ улиралд Райс, Ууганбаяр нарыг эгнээндээ нэгтгэснээр өнгөрсөн жил дутагдаж байсан тэр зүйлсээ нөхөж чадсан мэт харагдаж байна.
Ялангуяа Т.Ууганбаярын хувьд багтаа үзүүлж буй нөлөөг зөвхөн довтолгоо, авсан оноогоор нь дүгнэхэд өрөөсгөл санагдана. Фенүүд түүний довтолгооны ур чадварыг илүү онцолж ярьдаг ч хамгаалалтад гаргаж буй хичээл зүтгэл, бөмбөг бүрийн төлөө тэмцэж байгаа байдал, багийнхаа бусад тоглогчдод үзүүлж буй үлгэрлэл нь түүнээс дутахааргүй үнэ цэнтэй.
Ер нь багийн лидер нь хамгаалалтад хамаг бүхнээ зориулж, сул бөмбөг бүрийн араас явж, бусдын хийхээс төвөгшөөдөг хар ажлыг өөрөө хийж байхад багийн бусад тоглогчид ч тэр хандлагыг дагахаас өөр аргагүй болдог. Энэ бол статистикийн хүснэгтэд тэр бүр харагддаггүй ч багийн амжилтад асар том нөлөө үзүүлдэг манлайлал юм.
Гэхдээ Дархан Юнайтедийн энэ улирлын хамгийн том өөрчлөлт нь зөвхөн бүрэлдэхүүний чанар, хамгаалалтын идэвхээр хязгаарлагдахгүй. Тэдний тоглолтоос хамгийн тод мэдрэгдэж байгаа зүйл бол ялагчийн сэтгэлзүй.
Өмнөх улирлуудад Дарханы залуус зарим өрсөлдөгчийн эсрэг өөрсдийн боломжид бүрэн итгэдэггүй, тоглолтын хүнд мөчид эргэлздэг мэт харагдах үе байсан. Харин энэ улиралд тийм зүйл бараг анзаарагдахгүй байна. Ямар ч багийн эсрэг тоглосон өөрсдийн хийх ёстой зүйлээ мэддэг, тоглолтоо тулгаж чадна, ялалт байгуулна гэсэн итгэлтэй биеийн хэлэмжтэй талбайд гарч байна. Өрсөлдөгчөөсөө айж бэргэх, нэр сүрэнд нь дарагдах хандлага харагдахгүй байгаа нь энэ багийн хувьд маш том ахиц.
Спортод аваргын сэтгэлзүйг хэзээ ч дутуу үнэлж болохгүй гэж ярьдаг. Учир нь аваргууд аварга болох замдаа олон хүнд тоглолт, хэцүү ялагдал, дарамт шахалтыг туулсан байдаг. Тэр бүхний эцэст ямар ч нөхцөл байдлаас эргэн ирж чадна, ямар ч өрсөлдөгчийг хожиж чадна гэсэн итгэл үнэмшилтэй болдог. Ялагчийн сэтгэлзүй гэдэг нь зөвхөн өөрийгөө ялна гэж бодох биш, харин ялагдахыг хүлээн зөвшөөрөхгүй, тоглолтын эцсийн мөч хүртэл хор шартай тэмцдэг зан чанар юм.
Райс, Т.Ууганбаяр нарын нэмэгдсэнээр Дархан Юнайтедийн залууст яг ийм хандлага сууж эхэлж байгаа мэт. Ялангуяа туршлагатай тоглогчдын манлайлал, хамгаалалтад гаргаж буй зүтгэл нь залуу тоглогчдын өөртөө итгэх итгэлд эергээр нөлөөлж байгаа нь талбай дээрээс мэдрэгдэж байна.
Мэдээж 5-0 амжилт бол улирлын эхлэл төдий. Цаашид илүү хүнд тоглолтууд, хүчтэй өрсөлдөгчид, зайлшгүй тулгарах сорилтууд бий. Гэхдээ энэ удаагийн Дархан Юнайтедийн хувьд зөвхөн хэдэн тоглолт дараалан хожсон нь бус, хэрхэн тоглож, ямар сэтгэлзүйтэйгээр ялалт байгуулж байгаа нь илүү сонирхол татаж байна.
Өнгөрсөн улиралд авьяас чадвар нь байсан ч зарим үед дутагдаж харагддаг байсан тэр ялагчийн зан чанар энэ улиралд тодорч эхэлжээ. Хэрэв энэ хандлагаа хадгалж чадвал Дархан Юнайтед зөвхөн улирлын эхэнд хүснэгт тэргүүлдэг баг биш, аваргын төлөө бодитоор өрсөлдөх баг болох боломжтой.
Эцсийн дүндээ аваргын багийг зөвхөн сайн тоглогчид бүрдүүлдэггүй. Харин ялахын төлөө бүгд ижилхэн зүтгэдэг, нэгнээсээ эрч хүч авдаг, ямар ч нөхцөлд бууж өгдөггүй хамт олон бүтээдэг. Дархан Юнайтед яг тэр зүг рүү явж байгаа нь энэ улирлын эхний таван тоглолтоос харагдаж байна.
| Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ |
|