ОХУ-д хичээлийн шинэ жил эхлэхтэй залгаад сургуулиудын анги танхимд байрлуулсан Ерөнхийлөгч Владимир Путины хөргийг хананаас буулгах, улмаар хогийн саванд хийж эсэргүүцэх тохиолдлууд шил даран гарлаа.
Дайныг эсэргүүцэгч залуусын "Весна" хөдөлгөөнөөс сурагч, оюутнуудад хандан Ерөнхийлөгчийн зургийг буулгаж, гэрэл зураг болон бичлэгийг нь нийгмийн сүлжээнд ирүүлэхийг уриалсан юм. Уг уриалга Москва, Санкт-Петербург, Нижний Новгород зэрэг томоохон хотуудын сургуулиудад бодитоор биелж, цахим орчинд эрчээ авчээ.
Сурагчид энэхүү алхмаараа сургалтын орчинд улс төрийн үзэл суртал, ухуулгыг тулгаж буйг эсэргүүцэн, боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгахыг шаардсан байна.
Хууль сахиулах байгууллага болон сургуулийн захиргаанаас хяналтын камерын бичлэгт үндэслэн холбогдох сурагчдыг олж тогтоох, байцаах, эцэг эхчүүдэд нь торгууль ногдуулах арга хэмжээг аваад байна. Ажиглагчдын үзэж буйгаар энэ нь Оросын залуу үеийнхний дунд өрнөж буй идэвхтэй, бэлгэдлийн эсэргүүцлийн нэг илрэл юм.
| Оросын сурагчид В.Путины хөргийг хогийн саванд хийж эсэргүүцлээ илэрхийлэв |
|