Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ
4 жил өмнө   425
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн 2019 оны төлөв байдал, Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт зэргийн талаар сонсож 2020 оны төлөвлөгөөг батлажээ. Танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд Монгол Улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 45757 удаа газар хөдөлсөн байна. Магнитуд нь 3.5, түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 нь иргэдэд мэдрэгджээ. Улаанбаатар хот орчимд 1010 газар хөдлөлт болсон бөгөөд Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Гүнжийн хагарлын дагуу идэвхжилт явагдаж байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим удаа газар хөдөлдөг байсан бол 2005 оноос 2-3 дахин, 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их болж өсчээ. 
 
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 2019 онд эрх зүйн орчныг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, иргэд, олон нийтийг дадлагажуулах чиглэлээр 53 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 70 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ онд үлдсэнийг нь бүрэн хэрэгжүүлэхээс гадна газар хөдлөлт бүртгэх, аврах, гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шууд худалдан авах, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төв, орон нутгийн жилийн төсвийн тодорхой хувийг гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зарцуулах зэрэг зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахаар боллоо.
 
Шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр барихад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, эм, эмийн хэрэгслийн нөөц агуулах барих, хүнсний болон хүнсний бус бараа, материал, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэх, сургууль, цэцэрлэгийг гамшиг, ослын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах, хэд хэдэн аймагт команд-штабын болон иж бүрэн сургууль хийх зэрэг 40 арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. 
 
Ц.ОРГИЛ
2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0