АНУ-д оршин суудаг Өвөр Монголын хүний эрхийн залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог (Temulun Togochog) олон нийтийн цуглааны үеэр еврей эмэгтэйн биед халдсан хэргээр хууль хяналтын байгууллагад баривчлагджээ.
Нийтэгдсэн видео бичлэг болон эх сурвалжуудын мэдээлснээр, уг явдал олон нийтийн цуглаан, хэлэлцүүлгийн үеэр болсон бөгөөд Тэмүүлэн Тогочог нь цуглаанд оролцогч контент бүтээгч эмэгтэйтэй маргалдан, улмаар бие махбодийн халдлага үйлдсэн байна. Хэрэг явдлын газарт байсан цагдаагийн ажилтнууд түүнийг даруй саатуулсан бөгөөд бичлэгт түүнийг цагдаагийн автомашинд суулгах үед эсэргүүцэл үзүүлэн "Түүнийг алах ёстой байсан юм!" хэмээн орилж буй агшин үлджээ.
Тэмүүлэн Тогочог нь АНУ-д төрж өссөн Өвөр Монгол гаралтай бөгөөд Нью-Жерси мужийн Mercer County Community College-д суралцаж байсан байна. Тэрээр Өвөр Монголын хэл, соёл болон хүний эрхийн асуудлаар АНУ-ын Конгрессын Хятадын асуудал эрхэлсэн комисс (CECC) болон НҮБ-ын холбогдох чуулгануудад илтгэл тавьж байсан идэвхтэн юм. Түүний аав Энхбат Тогочог (Enghebatu Togochog) нь АНУ-д байрладаг "Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв" (SMHRIC)-ийн захирлаар ажилладаг.
АНУ-ын хуулийн дагуу бусдын биед халдаж, заналхийлсэн уг үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд одоогоор хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
| Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ |
|