Цөөн үгээр:
  • Улаанбаатарт - 6 хэм хүйтэн байна
12 сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2 сар өмнө   175
Цаг уурын байгууллагаас арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.
 
  • Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дундаж(ОЖД)-аас хүйтэн, Тодруулбал Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр, бусад нутгаар ОЖД-ын орчим байх төлөвтэй байна.
  • Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар ОЖД"-ас ахиу бусад нутгаар ОЖД-ын орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёр дугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр  ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ.
 
Баруун аймгуудын нутаг
Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
 
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 -10 градусаар хүйтэрнэ.
 
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна.
 
Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
 
Төвийн аймгуудын нутаг
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
 
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно.
 
Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 -18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
 
Зүүн аймгуудын нутаг
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – ийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна.
 
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ.
 
Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.
 
Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 -18 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
 
Говийн аймгуудын нутаг
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн  орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
 
Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ.
 
Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.
 
Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
 
Таны анхааралд:
 
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
 
  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Атлантын далай нь Евро Ази дээрх агаар мандлын орчил урсгалд ихээхэн нөлөөл үзүүлдэг. 1890–ээд оноос 2018 он хүртэлх Атлантын далайн гадаргын температурын олон жилийн хэлбэлзлийг /Зураг 1/–д харуулав. Эндээс харахад 3 дулаан, 2 хүйтэн үе тохиолдсон байна.
 
ЦУОШГ
Азорын их даралт болон Исландын бага даралтын зөрүүгээр илэрхийлэгддэг орчил урсгалыг илэрхийлэгч индексүүдийн нэг нь Хойд Атлантын хэлбэлзэл юм. Атлантын далайн гадаргын температурын олон жилийн хэлбэлзлийн 1980–аас 1990–ээд оны сүүл хүртэл хасах утгатай, мөн энэ үед Хойд Атлантын хэлзэлбэл нь сөрөг утгатай байхад Монгол орны 12 дугаар сарын агаарын температур дулаан, хур тунадас харьцангуй бага байжээ (1989, 1996, 1997).
 
Харин 2000 оны эхээс эхэлж Хойд Атлантын далайн гадаргын температур нэмэх утгатай болсон бөгөөд энэ үед Хойд Атлантын далайн хэлбэлзлийн сөрөг фаз тохиолдоход Монгол орны тухайн сарын агаарын дундаж температур хүйтэн, хур тунадас ахиу орж байсан ба ялангуяа 2001, 2002, 2009, 2010 онуудад Монгол орны ихэнх нутгаар хүйтэн, хур тунадас ихтэй байв.
 
Энэ жилийн хувьд сарын урьдчилсан мэдээ гаргахад ашиглагдаж байгаа уур амьсгалын 7 загвараас ихэнх нь Хойд Атлантын хэлбэлзлийг сөрөг утгатай байхаар урьдчилан тооцоолж байна.
 
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" –-ээс тодруулах боломжтой.
 
Эх сурвалж: ЦУОШГ
12 сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0