Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Э.Батшугар: “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодит алхмыг өнөөдөр хийлээ
4 жил өмнө   543
Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч Э.Эрдэнэжамъян,  НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй МАХН-ын Удирдах зөвлөл болон Бага чуулганы гишүүд өнөөдөр МАХН-аас боловсруулсан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг батлах тухай тогтоолыг төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар дамжуулан өргөн барихад бэлэн болсон талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр хөтөлбөрийн танилцуулга, үзэл баримтлал, үндэслэлийг гардуулан өгсөн юм.
 
“Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг тал бүрээс нь судалж, хууль эрх зүй, тооцоо судалгаа талаас гарц гаргалгааг гаргаж, боловсруулсан гишүүдийн нэг болох НИТХ-ын 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа  МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Э.Батшугараас зарим зүйлийг тодрууллаа.
 
МАХН-аас боловсруулсан “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийг өргөн барихад бэлэн болсон байна. Хөтөлбөр хэрэгжихэд хууль, эрхзүйн талаас бодитоор урагшилсан алхам боллоо гэж харж байна?
-Орон сууцанд орох хүсэлтэй ч өнөөдрийн нөхцөл, банкны шалгуурыг давж чадахгүй байгаа иргэдэд хэрэгжих “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг МАХН одоогоос хоёр жилийн өмнө санаачилсан. Энэ хөтөлбөр бол маш олон хэлэлцүүлэг, эдийн засгийн тооцоо, нарийвчилсан судалгааны үндсэн дээр гарч ирсэн. Орон сууц шаардлагатай ч урьдчилгаа төлбөр болон орлогын өндөр хэмжүүр, зээлийн хүү зэрэгт бүдрээд байгаа иргэдэд зориулж урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, урт хугацаанд сар бүр бага төлбөр төлөх зарчмаар орон сууцныхаа төлбөрийг төлж дуусгахаар гол зарчмыг нь томьёолж өгсөн. Энгийнээр хэлэхэд ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй зээл авлаа гэж бодоход урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөхөөс гадна зээлээ төлж дуусахдаа зээлийн хүүтэйгээ нийлээд тухайн байрныхаа үндсэн үнийг хоёр дахин нугалж төлөх шаардлагатай болж байна. Харин “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн гаргалгааг нь урьдчилгаагүй, зээлийн дарамтгүй, зөвхөн орон сууцныхаа үндсэн үнийг урт хугацаанд хувааж төлөх зарчмаар боловсруулсан нь иргэдэд тулгамдаад байгаа гол асуудлыг шийдэж байгаа юм.
 
Таны хувьд НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа.  Гэр хороололд “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага ямар байна вэ. Хэрхэн, ямар загвараар хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна?
-Иргэд, сонгогчидтой уулзах үеэр хамгийн их асууж байгаа нь “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр байна. Өнөөдөр бидний боловсруулсан хөтөлбөр бодит шийдэл болоход хуулийн талаас нэг алхам амжилттай урагшилсан үйл явдал боллоо. Хөтөлбөрийг гэр хороололд хоёр хувилбараар хэрэгжүүлж болно. Нэгдүгээрт, шууд орон сууцанд орох хүсэлтэй өрхөд дээрх зарчмаар хэрэгжүүлэх, харин хоёрдугаарт хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэдийн хүсэл санаачилгыг дэмжих чиглэлээр оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа хувийн сууцыг давуу хөгжүүлэх бодлого баримтлах юм. Эзэмшил газар дээрээ дэд бүтцэд холбогдсон, орчин үеийн технологиор ус, дулааны хэрэгцээгээ шийдвэрлэсэн тохилог байшин барих хүсэлтэй хүмүүст санхүүжилтийн эх үүсвэр олддоггүй. Тиймээс  “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн урт хугацатай, зээлийн хүүгийн дарамтгүй нөхцлөөр санхүүжилтийг нь шийдвэрлэхээр тусгаж өгсөн.
 
Эх сурвалж: Polit.mn

 

Э.Батшугар: “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодит алхмыг өнөөдөр хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0