Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Өнөөдөр улстөрчдийн ажлаа өгөх өдөр үү
40 минутын өмнө   168
Улс төрийн хүрээнд өнөөдөр хуанли дээр тэмдэглэгдээгүй ч гэлээ "Ажлаа өгөх өдөр" тохиож байх шиг үйл явдал өрнөж байна. Хотын дарга асан Х.Нямбаатар олон нийтийн сүлжээн дэх шууд дамжуулалтын (лайв) үеэрээ "Бодь"-ийн гэх 110 сая ам.долларын авлигын хэрэгт төрийн өндөр албан тушаалтнуудыг холбогдсон хэмээн нэр заан мэдэгдсэн. Уг лайвт нэр нь гарсан улстөрчид эхнээсээ өндөр сэнтий, зөөлөн суудлаасаа татгалзаж эхэллээ.
 
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн нь хамгийн их анхаарал татаж байна. 1990 онд Монгол Улсад Ерөнхийлөгчийн институт бий болсноос хойш үе үеийн төрийн тэргүүнүүд болох П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар бүгд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж ирсэн түүхтэй. Харин У.Хүрэлсүх ийнхүү хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгөхөөр болсон нь Монголын улс төрийн түүхэнд анхны тохиолдол болж байна.
 
Үүний зэрэгцээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ) дарга Б.Энхбаяр ч мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, Засгийн газрын "гал тогоо"-ноос түр амралт авахаар шийджээ. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн (ХЗДХ) дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ч хоцрохыг хүссэнгүй, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдын ширээн дээр аль хэдийнэ тавьчихсан сурагтай.
 
Энгийн үед сандал суудлын төлөөх тэмцэл нь дуусдаггүй улстөрчид Х.Нямбаатарын лайваар сөхөгдсөн 110 сая ам.долларын асуудал дэгдмэгц ийнхүү нэгэн зэрэг "ажлаа өгөх аян" өрнүүлж байгаа нь олон нийтийг гайхшируулж орхилоо. Ямартай ч нэр холбогдсон эрхмүүд албан тушаалаа өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулан нэр төрөө цэвэрлэнэ гэх байр суурийг илэрхийлээд байна.
Өнөөдөр улстөрчдийн ажлаа өгөх өдөр үү
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0