УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын алба, Хүний эрхийг хангах үндэсний хороо, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн өнөөдөр /2023.11.10/ Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан “Хүний эрх 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага, 50 орчим судлаач оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Хүний эрх нь ямар нэгэн түүхэн арга хэмжээтэй холбоотой ярих биш, өдөр тутам ярьж байх асуудал” гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалахтай холбоотой эрхзүй, соёлын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн ч хүний эрхийг зөрчсөн явдал гарсаар байна. ХЭҮК хүний эрхийн 22 илтгэлийг хэлэлцүүлсэн. Мөн хүний эрхийн үндэсний зөвлөлөөс гарсан заавар зөвлөмж зайлшгүй хэрэгжиж байх ёстой хэмээн үзэж 2020 онд ХЭҮК-ын тухай хуулийг шинэчилж, мөн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлж, хүний эрхийн зөрчилтэй тэмцэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төрийн байгууллагуудад чиглэл болгож, хүний эрхийг хамгаалах ажилд ТББ, хэвлэл, олон нийт, хувийн хэвшлийг хамтран ажиллах тогтолцоог бий болгосон ”гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хүний эрхийн өдрийг угтан, өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар ололт амжилт, алдаа дутагдал байгааг дүгнэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 2021 онд ХЭҮК-ын хуулийг шинэчилж, ажиллах нөхцөл, эрх зүйн орчныг сайжруулсан. Монгол Улс хүний эрхийн индексээр дэлхийн 193 орноос 96 дугаар байранд орж байна. Үүнийг бид алдаатай ч, ололт байна гэж харж байна. Цаашид хүний эрхийг хангаж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахын тулд төсөв, санхүүг бүрэн шийдвэрлэх шаардлагатай”гэв.
Б.Энхбаяр: Хууль хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой
Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр оролцож “Хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр “Хүний эрхийн мэдрэмжийг цаг хугацаатай харьцуулж, хүн бүр өөр өөрийн хэрэгцээ сонирхол, онцлогтой гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тухайлбал, зарим хүнд эд баялаг чухал бол нөгөө хэсэгт нь үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх илүү хэрэгцээтэй байдаг. Тэр утгаараа хүний эрхийг мэдрэмжээр хамгаалах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн гурван “дайсан” байлаа. Үүнд, авлига, боловсрол, өмчийн тэгш бус байдал зэргийг анхаарч үзэх шаардлага үүссэн. Эдгээр асуудалд парламент зөв дүгнэлт хийж, засч залруулахаар сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Тухайлбал, боловсролын шинэчлэл, иргэдийн саналыг дээдлэх, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, олон намын тогтолцоог бий болгох, шүүхийн реформыг хийх зэрэг эрхзүйн шинэчлэлийг хийж байна. Эдгээрээс хамгийн чухал нь хууль өөрөө хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэдгийг онцолмоор байна. Бид өнгөрсөн хугацаанд иргэнд эрх олгох биш, дарамт болсон хуулийг баталсаар ирсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 400 гаруй хууль, мянга гаруй журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байсан. Харин одоо 2000 гаруй журам үйлчилж байна. Энэ нь ард түмний хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл булааж авсан гэдгийг илэрхийлж байна.Эдгээрийг засч залруулах шаардлагатай байна” гэв.
Ж.Хунан: Монгол хүний амьдралын чанар сайжрахгүй байгаа нь хуулийн хэрэгжилт сул байгаатай холбоотой
Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүн Ж.Хунан “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.
Тэрбээр “Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой болж, дэлхий нийтээрээ хүний эрхийн мөн чанар, түүнд тусгасан хүний эрхийн хэрэгжилтийг үнэлж эрчимжүүлэх, ирэх 25 жилд ахиц дэвшил, эерэг өөрчлөлтийг бий болгох амлалт өгөх үйл ажиллагаа өрнөж байна” гэв.
Мөн Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комиссын хүний эрхийн асуудлаар зохион байгуулж буй ажлыг он цагийн дарааллаар танилцуулсан юм.
Анх 1992 онд иргэдийн эрх, эрх чөлөө, хүний өмчийг хуулиар хамгаалах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын эрхийг хангах чиглэлээр Ардчилсан нийгмийн байгууллагуудыг байгуулж байсан. Түүнээс хойш 1998 онд Хүний эрхийн байгууллагыг байгуулж, хууль тогтоомжуудыг баталснаар үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн юм байна. Сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, хүний эрхийн асуудлаар дүгнэлт хийн, зөвлөмж гаргасан. Манай улсын хүний эрх хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцийг үзвэл зохих түвшинд хүрчсэн. Гэвч Монгол хүний амьдралын чанар сайжрахгүй байна. Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй, төсвийн хуваарилалт оновчтой биш байгаатай холбоотой гэж дүгнэлээ. Манай улс 2020 оны байдлаар Хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51 дүгээрт, 2023 оны байдлаар Авлигын төсөөллийн индексээр 180 орноос 116 дугаарт, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88 дугаарт, Хүүхдийн эрхийн индексээр 193 орноос 93 дугаарт, Жендерийн тэгш бус байдлын индексээр 195 орноос 76 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-т 10469 өргөдөл гомдол ирсэн. Тухайлбал, хөдөлмөрлөх эрх, шүүхээр шударгаар шүүлгэх, халдашгүй чөлөөтэй байх, төрийн албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн зэрэг гомдол дийлэнх нь байна. Энэ талаар гарч байгаа ХЭҮК-ын зөвлөмжид төрийн бүх байгууллагууд анхаарч, ажиллах шаардлагатай байна” гэв.
Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ОУБ-уудын талаарх: илтгэлийг өгүүллээ. Тэрбээр “Монгол Улсад хүний эрхийн талаар ойлголтгүй, дутуу хуумгай улстөрч, төрийн албан хаагчдаас шалтгаалж хуулийн хэрэгжилт сул байгаагаас хүний эрхийг зөрчиж байгаа. Тухайлбал, шоронд хүний эрх зөрчигдөж, хоригдлууд өлсөж байгаа” талаар илтгэлдээ өгүүлсэн юм. Мөн хүний эрхийн чиглэлээр цаашид анхаарах асуудлын талаар санаа бодлоо илэрхийлж, хэлэлцүүлсэн.
Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал “Хүний эрх 30 жилд: Хүний эрхийг хангахад иргэний нийгмийн байгууллагын оролцоо” сэдвээр илтгэлээ. Тэрбээр “Хүний эрхийн асуудлаар төрийн байгууллагын хүрч очиж чадахгүй цэгт иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа хүрдэг. Тухайлбал, иргэд, олон нийт, хүүхэд, гэр бүл, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүрч ажиллахыг зорьдог. Шүүмжлэлтэй талаас харвал иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахыг оролдсон хууль тогтоомжууд өнгөрсөн хугацаанд батлахыг оролдож байв. Тухайлбал, ТББ, иргэний нийгмийн оролцоо, цахим орчин дахь хүний эрхийг хязгаарлах хуулийн төслүүдийг хэлэлцүүлсэн. Мөн иргэний нийгмийн хяналт, шалгалт ихсч байна. Иймд төр иргэнийг холбох хамгийн гол институци болох иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Ялангуяа орон нутагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич) С.Нарангэрэл дүгнэж дэлхийн нийтэд болон Монгол улсад хүний эрх гэж юуг тодорхойлж байгаа талаар дурдлаа. Тэрбээр ”Хүний эрхийн талаар үндэсний эрх зүйд ч олон улсад ч өөрийн олон янзын механизмтай байдаг. Монгол Улсын хувьд дайн дажингүй, бие даасан байдалтай, үзэн ядсан дайсагнал, шашин хоорондын элдэв маргаангүй, улс төрчид нь эвлэршгүй маргаангүй зэрэг нь хүний эрх зөрчигдөхгүй давуу тал болж байна. Хүний эрх нь жам ёсны эрх. Хүн жам ёсны эрхээ эдлэхэд өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай байхыг шаарддаг. Нөгөө талдаа төрөөс хүний жам ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлж болохгүй” гэв.
Илтгэгчид хүний эрхийн талаар хуулийн өөрчлөлт, тоо баримт, он дараалал, олон улсын жишээг хүргэж, хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг үргэлжиллээ.
Хүний эрхийн “дайсан” нь авлига, өмч, боловсролын тэгш бус байдал гэж дүгнэлээ |
|