Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас авто замын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд чингэлэг тээврийн туршилтыг 2 үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцаж, хяналт тавьж ажиллав.
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн. Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг 3 хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.
Энэ сарын 20-ны өдрөөс Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэллээ. Зуны түлштэй, асахгүй удсан тээврийн хэрэгслийг асаах, эхний ээлжид гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудыг “0” цэгт тээвэрлэж хүргэх, улмаар гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байгаа тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ойрын хугацаанд бүрдүүлж дуусган Монголын талд шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрөөс эхлэн Хуан Юй гаалийн баталгаат талбай руу чингэлэгт ачих ачаа, барааг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжид 50 чингэлэгт ачаа ачиж, хилийн “0” цэгт хүргэх ажлыг дээр дурдсан 130 гаруй автомашиныг Монголын талд шилжүүлж өгсний дараа эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Эрээн хотын удирдлагаас мэдэгджээ.
Эх сурвалж: ГХЯ
"Эрээний талд гацсан 130 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүсэд хүргэж байна" |
|