Хөрөнгийн бирж нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг өчигдөр зохион байгуулжээ.
Экспортод гаргах нүүрсний арилжаагаар хоёр багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн байна. Ингээд хоёр багц нүүрсийг нэг удаагийн хэлцлээр худалджээ. Энэ үеэр нүүрсний үнэ 12.2%-аар өссөн хэмээн тус биржээс мэдээлэв.
Мөн УИХ-аас нүүрсээ биржээр хил нөхцөлөөр зарахаар хуульчилжээ. Журмын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн "Цахим биржийн арилжаа явагдсанаар нүүрсний арилжаа гаднын хөрөнгө оруулагч нартай илүү явагдана. Энэ тохиолдолд гадаад валютаар илэрхийлсэн худалдан авалт явагдах ёстой. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Монголбанкны зөвшөөрлөөр эрхэлж болох үйл ажиллагаанд хамаарч байгаа. Монголбанкнаас зөвшөөрвөл энэ үйл ажиллагаа хийгдэж болно гэж үзэж байна. Нүүрс арилжааны нөхцөлийн тухайд худалдагч тал арилжааны зарыг ажлын таван өдрөөс өмнө тавьсан байх ёстой. Түүнээс гадна нүүрс худалдан авагч нар дэнчинг арилжаа эхлэхээс 30 минутын өмнө арилжаа эрхлэх байгууллагын монголын арилжааны банкны дансанд байршуулахаар зохицуулсан.Шалгарсан хүнтэй ажлын долоо хоногийн дотор экспортын гэрээг байгуулна. Уг гэрээний загварыг Монголын хөрөнгийн бирж баталж гаргаж байгаа. Төлбөр тооцоог ажлын таван өдрийн дотор нүүрс худалдагч талын дансанд шилжүүлэх ёстой" хэмээн мэдээлж байв.
Нүүрсний хулгайн хэрэг нийтэд ил болж экспортод гаргах нүүрсийг биржээр туршилтаар дамжуулан худалдлаа |
|