Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 48-р чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллага, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 3000 гаруй төлөөлөгчид оролцож, дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлгийг “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” ерөнхий сэдвийн доор 400 гаруй салбар хуралдааныг зохион байгуулж байна. Уг чуулганы эхний өдөр буюу 01 сарын 24-нд өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ийн Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас зохион байгуулсан “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж буй “Бүс ба зам” хуралд илтгэл тавив.
БНХАУ-ын уг санаачлага, үйл ажиллагаа нь “Бүс ба Зам”-ын дагуу орших улс орнууд, түүний дотор далайд гарцгүй Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр улс орны хооронд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны орон зайг бий болгох төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх аж.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бүс ба зам” санаачлагыг Монгол Улс дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, уг санаачлага нь Торгоны замын түүхээр манай улстай салшгүй холбоотой ба өрнө дорны олон улс, түмнүүдийн соёл иргэншлийн дунд холбогч гүүр, тээвэрлэгч зөөвөрлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан”-ыг цохон тэмдэглэлээ.
Дөрвөн өдрийн турш үргэлжилж буй Давосын чуулга өнөөдөр /01.26/ өндөрлөх аж.
Давосын чуулга өнөөдөр өндөрлөнө |