1960-аад онд Лондон хотын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байсан загвар зохион бүтээгч Мэри Куант өчигдөр 93 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр өмнөд Английн Суррей хот дахь гэртээ амьсгал хураасныг гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.
Куантыг мини буюу богино банзлыг дэлхий дахинд дэлгэрүүлсэн хүн гэж үздэг. Зарим эх сурвалжууд түүнийг энэ хувцсыг анх зохион бүтээсэн хүн гэж өргөмжилдөг байна.
Куант анх 1966 онд Лондон хотын загварын тайзнаа өвдөгнөөс дээш 20 см хүртэл өргөгдсөн хормойтой банзлыг үзүүлсэн нь олон хүнийг цочроож байжээ.
Хэдийгээр эсэргүүцэн шүүмжлэгчид олон байсан ч энэ хувцас тэр дороо залуу бүсгүйчүүдийн дунд хүчтэй тархсан юм.
Зарим судлаачид Францын загвар зохион бүтээгч Андре Курреж 1964 оны хаврын загварууддаа мини банзлыг анх танилцуулсан гэж маргадаг. Гэхдээ Мэри Куартыг дэлхий дахинд түгээх хүртэл энэ хувцас Францын зах зээлээс хэтрээгүй байсан байна.
Тиймээс Куарт мини банзлыг нийтийн хүртээл болгосон гарцаагүй гавьяатай гэж үздэг байна.
Түүний хувцас загварын чиг хандлагад үзүүлсэн нөлөөг зарим судлаачид Битлз хамтлагийн хөгжмийн ертөнцөд гүйцэтгэсэн үүрэгтэй адилтгадаг.
1967 онд нэг сэтгүүлч түүнээс зохиосон хувцсыг нь хэтэрхий ил задгай “бүдүүлэг” гэж дүгнэж болох эсэхийг асуухад Куарт “Амьдрал бол бүхэлдээ бүдүүлэг” гэж хариулж байжээ.
Тэрбээр хувцас загвар зохион бүтээгчээс гадна амжилттай бизнес эмэгтэй байсан юм.
Сүүлд тэр бизнесээ төрөлжүүлж, гоо сайхан, гал тогооны хэрэгсэл зэргийг зохион бүтээж байжээ. Ялангуяа түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүд Японы зах зээлд маш их алдаршиж байсан гэдэг.
Куант бас эмэгтэйчүүдийн бариу, богино өмдийг анх санаачилсан хүн гэгддэг байна.
Тэрбээр 1966 онд Британийн эзэнт гүрний албан хаагч хэмээх өндөр хэргэмийг загварын салбарт гаргасан амжилтаараа хүртэж байжээ. Шагналаа гардаж авахаар Букингэмийн ордонд ирэхдээ Куант мини банзал өмссөн байв.
Түүний байгуулсан Mary Quant Ltd компанийг сүүлд Японы нэг компани худалдаж авсан ч 2000 он хүртэл үйл ажиллагааг нь удирдаж байжээ.
Одоо тус компани 1960-аад оны үед Куантын зохиосон лого, уриаг хэрэглэсээр байдаг ба Лондонд нэг, Япон даяар 200 орчим дэлгүүртэй юм байна.
Эх сурвалж: Associated Press
Мини банзлыг анх зохион бүтээсэн гэгддэг эмэгтэй 93 насандаа таалал төгсжээ |
|