Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Миннеаполис хотод хөл хорио тогтоолоо
4 жил өмнө   334
Энэ долоо хоногт Миннесота мужийн Миннеаполис хотод африк гаралтай эрэгтэй цагдаагийн гарт амиа алдсан хэрэг гарсан нь АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм.
 
Даваа гарагт гар хоосон 46 настай Жорж Флоидыг сэжигтнээр баривчилсан цагдаа гарыг нь гавлан газарт хэвтүүлээд хүзүүн дээр нь өвдөглөж, амийг нь хөнөөсөн байна. Үйл явдлын дүрс бичлэг нийтэд тарсны дараа Лхагва гарагт Миннеаполис хотод иргэдийн тэмцэл эхэлж, сүүлдээ эмх замбараагүй байдал, галдан шатаалт, дээрэм тонуул болон үргэлжилжээ. Пүрэв гарагийн шөнө тэмцэгчид Миннеаполис хотын цагдаагийн газрын байрыг шатаасан бол тус хотод 170 гаруй бизнесийн байгууллага өмч хөрөнгөө дээрэмдүүлж, сүйтгүүлжээ.
 
Миннесота мужийн захирагч үймээн самуун дэгдсэн хотуудад үндэсний гвардын цэргийг илгээж, өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шаардлагатай бол холбооны засгийн газраас нэмж цэрэг илгээхээ мэдэгдсэн юм. Баасан гарагаас Ням гарагийг хүртэл оройн 08:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоох арга хэмжээг Миннеаполис, Сэнт Пол хотуудад аваад байна.
 
Жорж Флоидын амийг хөнөөсөн цагдаа Дерек Човин бусад гурван цагдаагийн хамт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм. Тэгвэл өчигдөр Миннесота мужийн прокурор Майк Фримэн харгислал үйлдсэн цагдаа Човинд гуравдугаар зэргийн хүн амины хэрэг тулган яллаж байгаагаа мэдэгджээ. 44 настай Дерек Човин нь Миннеаполис хотын цагдаагийн газарт 19 жил ажилласан хүн юм.
 
Өмнө нь түүний ёс бус үйлдэлтэй холбоотой 18 гомдол иргэдийн зүгээс цагдаагийн газарт ирж байсныг хэвлэлүүд олж мэдээлжээ.
 
 
Миннеаполис хотод хөл хорио тогтоолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0