Цөөн үгээр:
Австралийн зэвсэгт хүчин гадаадын иргэдэд цэргийн алба хаахыг зөвшөөрлөө
1 сар өмнө   202
Сайн дураар цэргийн алба хаах хүсэлтэй залуус ховордсоны улмаас Австралийн зэвсэгт хүчин гадаадын иргэдэд ийм боломжийг нээжээ.
 
Долдугаар сарын 1-нээс эхлэн Австралид байнга оршин суух эрхтэй Шинэ Зеландын иргэд хугацаат цэргийн алба хаах эрхтэй болсон байна.
 
Ирэх оноос эхлэн энэ хууль Их Британи, АНУ, Канад зэрэг бусад улсуудын иргэдэд үйлчлэх ажээ.
 
“Ирэх арван жил болон түүнээс цааших хугацаанд улс орны аюулгүй байдлын сорилтуудыг даван туулахын тулд цэргийн алба хаахыг хүсэгчдэд тавих шаардлагаа өөрчлөх хэрэгтэй болсон” гэж Австралийн батлан хамгаалахын сайд Ричард Марлес мэдэгдсэн байна.
 
Австрали, Шинэ Зеланд улсууд “Anzac bond” нэрийн дор олон жилийн турш холбоотнууд байсан, дэлхийн нэгдүгээр дайны үед Галлиполид мөр зэрэгцэн тулалдаж явсныг тэр энэ үеэр онцолжээ.
 
Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөө нэмэгдэж байгаатай холбоотойгоор Австрали улс 2021 онд АНУ, Их Британи улсуудтай “Aukus” нэртэй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
 
Үүнээс гадна Австрали, АНУ, Их Британи, Канад, Шинэ Зеланд улсууд тагнуулын мэдээллээ хуваалцах “Таван Нүд” нэртэй түншлэлийн дор нэгддэг.
 
Австралийн өмнөх засгийн газар 2020 онд тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хорин жилийн дотор 30 хувиар нэмэгдүүлэхэд $25.4 тэрбумыг зарцуулах төлөвлөгөөг зарлаж байв.
 
Гэвч цэргийн алба сайн дураар хаах хүсэлтэй иргэдийн тоо жил бүр буурах болсон нь уг төлөвлөгөөнд саад учруулжээ. Одоо тус улсын арми 4,400 орчим алба хаагчийн дутагдалтай байгаа юм байна.
 
 
 
Эх сурвалж: BBC
Австралийн зэвсэгт хүчин гадаадын иргэдэд цэргийн алба хаахыг зөвшөөрлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0