Цөөн үгээр:
  • П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй
Үерт нэрвэгдэж бухимдсан Испанийн иргэд хаан руугаа шавар шиджээ
2 сар өмнө   176
Испани улсын зүүн нутгийн Валенсиа, Кастилла ла Манча, Малага мужууд өнгөрсөн долоо хоногт үерт өртсөн.Улс  даяар үерт амиа алдсан хүний тоо 200 давсан байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа. Испани улсад болсон үер 1973 оноос хойш 50 гаруй жилийн хугацаанд тохиосон хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн гамшиг болсон юм.
 
Испани улсын хаан VI Фелипе, Хатан Летизиа болон Ерөнхий сайд Педро Санчез, Валенсиа мужийн захирагч Карлос Мазон зэрэг албаны хүмүүсийн хамт үерт өртсөн Валенсиа мужид очиж ард иргэдтэй уулзсан байна. Гэвч тэднийг Пайпорто тосгоны үерт өртсөн гудамжаар алхаж байхад нь байгалийн гамшигт бүх зүйлээ алдаж уурлаж бухимдсан иргэд шавар болон бусад жижиг зүйлс хаан руу шидэж уур бухимдлаа илэрхийлжээ.
 
Мөн иргэд хааныг “алуурчин”, “ичгэвэртэй амьтан” гэх зэргээр дуудсан байна. Хамгаалагчид шүхрээр хамгаалсан боловч хаан, хатан хоёрын хувцас нүүрэнд шавар наалджээ.  
 

 
 
Ерөнхий сайд Санчез машиндаа сууж Пайпорто тосгоны гудамжаас хөдлөх үед хүмүүс машин руу нь чулуу шидсэн байна. Ерөнхий сайдыг явсны дараа “Санчез хаана байна” гэх зэргээр орилж хашгирцгаажээ.
 
Үерт өртсөн иргэд эрх баригчдыг байгалийн гамшгийн дараа нөхөн сэргээх, аврах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэхгүй байгаад уур бухимдлаа илэрхийлсэн байна. Мөн эрх баригчид үерт орон гэр, хайртай дотны хүмүүс, ажил тэр ч бүү хэл мөрөөдлөө алдсан иргэдийг орхиж, гар сунган туслахгүй байна гэж тэд бухимдаж байна.
 
Испанийн хаан, хатны хамт үерт өртсөн өөр нэг хот болох Чива руу очихоор төлөвлөсөн байсан ч Пайпорта хотод уурлаж бухимдсан иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсныхаа дараа хойшлуулжээ. Фелипе хааны ордны инстаграм хуудсанд иргэдийн уур бухимдлыг ойлгож байна хэмээн нийтэлсэн байна. Парламентын зарим гишүүд хааныг үерт өртсөн мужид очсон нь маш муу шийдвэр байсан гэж шүүмжилжээ. Иргэдийг хаан руу дайрч орилж хашгирсанд Пайпорта хотын захиргааныхан цочирдсон ч цөхрөнгөө барсан хүмүүсийг ойлгож байна гэж мэдээлжээ.
 
Испанийн аврагчид хөрсөн дээр байгаа машин, нурж урссан хөрс зэргийг цэвэрлэхээс  гадна газар доогуурх гарааш машины зогсоол, хонгил зэргийг цэвэрлэж хайгуулаа үргэлжлүүлж байна. Газар доорх байгууламжуудаас амьд хүн үлдсэн эсэхийг хайж, нас барсан иргэдийн цогцсыг гаргаж байгаа юм. Ерөнхий сайд Санчез өнгөрсөн бямба гарагт үерт өртсөн бүсэд ажиллах цэргүүдийн тоог 10 000 бие бүрэлдэхүүнээр нэмэх шийдвэр гаргажээ. Энэ нь Испани улс дайн тулаангүй энхийн цагт хамгийн олон тооны цэрэг дайчилж буй явдал болж байна.
 
Гэсэн ч үерт өртсөн бүсэд зам гүүр нурж холбоо харилцаа тасарсан, цэвэр ус, хоол хүнс, гэрэл цахилгаан зэрэг хүний анхдагч хэрэгцээний бусад зүйл хомсодсон хэвээр байгаа юм. Валенсиа мужид 12 хот тосгонд яаралтай тусламж шаардлагатай байгаа ажээ.
Үерт нэрвэгдэж бухимдсан Испанийн иргэд хаан руугаа шавар шиджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0