Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь иргэдэд чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнийг хүргэн ажиллахыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан байдаг. Бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлыг хангасан байх нь хүнсний сүлжээний бүх үе шатны үйл ажиллагаанаас хамаардаг.
Энэхүү чанар, аюулгүй байдлыг хангуулах гол баримт бичгийн нэгэнд стандарт зүй ёсоор хамаарна.
Монгол улсад хоол, хүнсний үйлдвэрлэлийн харилцааг зохицуулсан хуулиудаас гадна үндэсний болон Олон улсын стандартчиллын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хүнсний хууль эрх зүйн хорооноос батлан гаргасан стандартуудыг мөрдөж байна. Үүнээс хоол, үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой стандартаас дурдвал: MNS 4946:2005, Хоолны газрын ангилал, зэрэглэл. Ерөнхий шаардлага, MNS 6192:2010, Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг. Техникийн ерөнхий шаардлага, MNS САС RCP 39:2011, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал гэх мэт стандарт байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь зохистой дадлуудыг нэвтрүүлсэн байхаар хуульчилсан бөгөөд нийтийн хоолны газрын эрүүл ахуйн зохистой дадлын талаар дээр дурдсан стандартад заасан болно.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрүүл ахуйн дадлын стандартад дараах обьектуудад шаардлага тогтоосон байна. Үүнд: Нийтийн хоолны газрын барилга байгууламжийн загвар бүтэц, өрөө тасалгаа, тоноглол (байрлал, тээврийн хэрэгсэл зорчих зам талбай, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, бие засах өрөө, ажилчдын өрөө), хоол боловсруулах талбар (шал, хана, тааз, цонх, хаалга, шат, гэрэлтүүлэг, агааржуулалт, усан хангамж, бохир ус болон хатуу хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаа), хоол үйлдвэрлэлийн явцад тавих эрүүл ахуйн шаардлага (түүхий эдэд тавих шаардлага, гэсгээлт, дулааны боловсруулалт, хөргөх болон хөлдөөх үйл ажиллагаа, хөргөсөн, хөлдөөсний дараах үеийн хадгалалтын нөхцөл, тээвэрлэлт), эрүүл ахуйн хяналтын хөтөлбөр (цэвэрлэгээ, ариутгал-өдөр тутмын цзвэрлэгээ, хортон шавж, мэрэгч амьтдын хяналт, аюултай бодисын хадгалалт, халдваргүйжүүлэх хэрэгслүүд), ажиллагсдын эрүүл мэнд, хувийн ариун цэвэрт тавих шаардлага (эрүүл ахуйн сургалт, эрүүл мэндийн үзлэг, халдварт өвчин, гэмтэл, гар угаах, хувийн ариун цэвэр, хувийн зан үйл, хувцаслалт) гэх мэт
Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтад бүх төрлийн хүнс, нийтийн хоолны газар заавал тохирлын үнэлгээнд хамрагдахаар туссан бөгөөд хүнсний сүлжээнд оролцож буй үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, стандарт баримт бичгийг үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллах нь чанар аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл юм.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
Эрүүл ахуйн дадлын стандартыг хэвшүүлцгээе |
|