Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
"2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 25 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгаа болон томуугаар өвдсөн хүмүүсээс сорьц цуглуулан коронавирус илрүүлэх шинжилгээ хийж тандаж байгаа юм.
4 дүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож, шинжилгээ хийхэд нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу кабинд нь сууж явсан гэр бүлийнх нь хүн. 23-т нь халдвар илрээгүй. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна" гэсэн мэдээллийг өглөө.
Монгол Улсад коронавирусийн 35 тохиолдол бүртгэгдлээ |
|