Дэлхий нийтээр тархаад буй коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор улс орон бүр холбогдох арга хэмжээг авч зорчих хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлаад буй. Манай улсын хувьд 2 дугаар сарын 13-ны өдөр УОК-ын шийдвэрээр хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний зэрэгцээ олон нийт цуглаж болзошгүй зарим газрын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарласан билээ. Үүнд үзвэр үйлчилгээ эрхэлдэг музей, кино театр гэх мэт газар ч багтаж байгаа юм. Гэхдээ соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах ажлаа тасалдуулалгүй цахим хэлбэрээр олон нийтэд хүргэж буй зарим музейг онцлож байна.
ХҮРЭЭНИЙ ХАМГИЙН ӨНДӨР БАРИЛГА
Барилгачны талбайн зүүн талд байрлах хоёр давхар хуучны энэ саарал байшинг бид Занабазарын музей гэдгээр нь илүүтэй мэддэг. Харин буурал түүхийн нэгэн зууны хуудсанд нэрээ хэдэн удаа сольж, ямар үйл явдлын гэрч болсноор ирсэн нь бас л сонин. Музейн барилга 1905 онд Оросын худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар баригдсан бөгөөд Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Хятадын банк, Оросын улаан цэргийн комендатын байр зэргээр ашиглаж байгаад 1930 онд “Улсын их дэлгүүр” орсноор “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. 1961 онд Улсын Их Дэлгүүр одоогийн байранд нүүж орсны дараа Улсын номын дэлгүүр, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим, хожмоо Дүрслэх урлагийн музей болжээ. Тодруулбал, 1966 оны 7 дугаар сард Ардын зураач, доктор О.Цүлтэмийн 300 орчим цуглуулган дээр үндэслэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей байгуулагдаж түүхийн хуудсаа нээсэн байна. Музейн барилгыг харахад насжилт өндөр гэх боловч орос ах нарын гараар бүтсэн учир яс сайтай гэдгийг нь хэлэх гадна дотнын эрдэмтэн, судлаач цөөнгүй бий гэнэ. Танд л гэж хэлэхэд дотор нь орох гэж яараад хэрэггүй. Учир нь музейтэй цогцоор нь танилцая гэвэл гадна талын ханын зурагнаас аяллаа эхлүүлэх нь зөв болов уу. Хэдэн ч хавар, зуны бороо, нар салхинд элэгдэж өнөөдөртэй золгосон юм бүү мэд. Эдгээр зурагнаас ёстой л түүх үнэртэх шиг болно.
СОЁЛЫН ТҮҮХЭН ӨВ
Монгол улсын Эрдэнэсийн санд ховор нандин, хэзээ ч давтагдашгүй 200 орчим уран бүтээл бүртгэгдсэн байдгийн дотроос 50 орчим уран бүтээлийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байдаг. Тус музей Эртний урлал, Ардын гар урлал, Г.Занабазарын урлал, Цамын бүжиг, Үзэсгэлэнгийн танхим зэрэг нийт есөн танхимаас бүрддэг юм байна.
Эртний урлал буюу Ancient art танхим нь зургаан өрөөтэй бөгөөд Чулуун ба хүрэл зэвсэг, монгол нутагт оршин тогтнож байсан Эртний төрт улсуудын үед холбогдох олон дурсгал бий. Монголд олдсон хадны сүг зургийн дотор нэн эртнийх гэж тооцогдох Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуйн дүрслэл болох зураач О.Амгалангийн зурсан хуулбар, Азиас зөвхөн ганц л олдсон гэгддэг ховор нандин дүрслэлтэй хүрэл сэлэм, YI-YII зууны Түрэгийн үеийн хүн чулуунууд, буган чулуун буган чулууны дүрслэл зэргийг Монголын эртний дүрслэх урлагийн гол төлөөлөгч болгон тавьжээ. Үзүүр хэсэг нь хугарсан байдалтай олдсон, одоогоор Азидаа цор ганц энэ хүрэл сэлэм монгол нутагт нүүдэллэж байсан овог, аймгууд нэн эртнээс зэр, зэвсгийн талаар мэдлэг зузаантайгаас гадна хүрэл зэвсгийн үед хөгжлөөрөө Евроазийн улс орнуудын дайнд хүрчээ гэдгийн нэгээхэн нотолгоо.
Мөн янгирын толгойн чимэгтэй, бүрэн хүрэл цутгамал зэрэг ур хийцийг нь ажваас дарханы урлал ямар хэмжээнд хүрч хөгжсөнийг харж болно. Ойролцоогоор МЭӨ 2000-аад оны үед холбогддог юм байна. Түүнчлэн Засгийн газрын 1994 оны тогтоолоор түүх, соёлын хосгүй үнэт дурсгалд бүртгэгдсэн аж.
Энэ танхимд мөн дөрвөн мутарт Бодьсадва, Базарваань бурхан, Бодьсадвагийн дүрүүд, Буддагийн чулуун толгой, Санваартны хөрөг, Язгууртны хөрөг зэрэг дурсгал бий. Өөр олон ч бурхан, шашны холбогдолтой ховор дурсгалыг нэрлэж болно. Харин тэдгээрийг судалж, мэдэх, цаашлаад соён гэгээрэх эрхийг танд үлдээе.
Г.ЗАНАБАЗАРЫН УРЛАЛ ТАНХИМД
Цааш явсаар Г.Занабазарын урлал танхимд тулж ирэв. Энэхүү танхимд хүрч очих хүсэл, хүлээлт их байсан тул “удтал цангаагаа” тайлахаар шийдэж үзмэрүүдтэй дэс дараатай танилцахаар боллоо. Танхимын эхэнд Г.Занабазарын зохиосон “Соёмбо” үсгийн цагаан толгой байв. Бас шавь нарынх нь зурсан Занабазарын хөргөөс гадна өөрийн болон ээж Ханджамцын хөрөг ч байна.
Сонирхуулахад, шавь нар нь Г.Занабазараас таны хөргийг хожим бид ямар байдлаар зурах вэ гэхэд, тарган хонины сүүлийг хурц хутгаар хөндөж байгаагаар зураарай гэжээ. Энэ нь монголчуудын оюун санаа хутга шигээ хурч, тарган хонины сүүл шигээ идээ ундаагаар элбэг дэлбэг байхыг бэлгэдсэн аж.
Хуучирч гандсан торгон дээр тогтсон энэ алганы хээ нь Өндөр гэгээний мутрын дардас гэнэ. Өөрөөр хэлбэл өөрөө мутардсан гэсэн үг. Буддын шашинд хүмүүнийг зовлон шаналалд хөтлөгч таван муу сэтгэл бий гэж үздэг.
Үүнд: харанхуй мунхаг, уур хилэн, бардамнал, шунал тачаал, атаа жөтөө орно. Эдгээр таван хорыг хүн өөрийн оюун бодолдоо эерэг болгон хувиргах чадвартай бөгөөд тарнийн ёсоор бол суу сэтгэл бүхэн язгуурын таван бурхадын хүчээр муу сэтгэл бүхэн гэгээрсэн билэг ухаан болон хувирах учиртай. Г.Занабазарын бүтээсэн бурхдын баримлууд буюу “Язгуурын 5 бурхан” гэж нэрлэгддэг Цаглашгүй эрдэмт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч, Үл хөдлөгч, Уурыг тэвчигч бурхад мөн л энэ музейд хадгалагддаг.
Эдгээр бурхдыг бүтээхдээ гадна талыг нь алтаар бүрсэн бол дотроо бүгд хөндий байх аж. Түүнчлэн Бодь суварга, Цагаан дарь эх, Манзушир бурхан, Ганэш, Гарьд, Ногоон дарь эх, Аюуш, Бурхан багш хоёр шавьтайгаа, Дөрвөн мутарт Чагши Жанрайсиг, Цагийн хүрдэн, Занабазар, Цагийн хүрдэн, Мял богд, Доржэжигмэд буюу Очирт айлган үйлдэгч зэрэг зэсээр цутгаж алтаар бүрсэн, дэлхийд дахин давтагдашгүй, хосгүй нандин цорын ганц хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн олон ховор дурсгал таны нүдийг хужирлана.
ШҮТЭЭН ЗУРГИЙН ТАНХИМ
Үргэлжүүлэн Шүтээн зургийн танхимыг танилцуулая. Хүний биеийн нарийн харьцаа, шашны сэдэвт үлгэр домгийн бэлгэдэл, уран сайхны хэтрүүлэг бүхий бурхдын хөрөг зураг гэж ойлговол танд илүү ойр буух биз. Дэлхий дахинаа танка гэгддэг бол Монголчууд шүтээн зураг хэмээн нэрлэж заншсан. Шүтээн зургийн танхимд XIX зууны үеийн бүтээлүүд болох торгон дээр урласан шороон будгийн зураг буюу танка хэмээгдэх Цагаан шүхэрт, Чагши Жанрайсиг, Арван хангал, Гонгор, Нууцын хураангуй бурханы хот мандал, Төрөл бүрийн мандал, Улаан сахиус, Очирт айлган үйлдэгч, Асрангуй Жамба, буддагийн ирээдүйн дүр, Очир сэтгэлтэн Цогт охин тэнгэр, Тарнийн ёсоны ядам бурхан, Жидор бурханы зэрэг олон хөрөг зураг дөрвөн ханаа дүүргэж харагдана. Өгүүлэмжийн хувьд их гүн гүнзгий агуулгатайгаас гадна уян зөөлнөөс хатуу, ширүүн дүр төрхтэй эдгээр бурхдын зургаас учраас айх бишрэхийн аль аль нь л болдог юм билээ.
Гэхдээ зургийн тайлбар бүрд бурхны шашны номлол, үзэл санаа нэвт шингэсэн тул та энэ танхимд гарцаагүй уягдана. Танд ч нэгийг бодогдуулна гэдэгт эргэлзэхгүй байна.
ЦАМЫН БҮЖГИЙН ТАНХИМЫН ТӨВ ЦЭГ
МУУГЗ, зураач Д.Дамдинсүрэнгийн “Хүрээ цам” хэмээх бүтээл харагдах агаад Богд хааны шар ордны өмнө Хүрээ цамын ёслол үйлдэж байгааг дүрслэн үзүүлжээ. Зургийн төв цэгт Арван хангал бурханыг тойроод тэднийг хамгаалагч шанаган малгайтнууд болон лус савдагууд цамнаж байгааг харж болохоор.
Цамын утга учир нь хүнд өөрөөс болон хөндлөнгөөс учирч болох ад хорлол, гай барцад, муу муухай бүхнийг даран сөнөөх зорилготой нууц тарнийн ёсонд тулгуурласан шашны зан үйл юм. Мөн 108 төрлийн бурхдын багийг өмсөж цам харайдаг. Цам бүжгийн танхимд Дагийранз, Зинамэдэр, Жамсран, Очирваань, Намсрай, Дамдинчойжоо, Шанага малгайт бурхадын цаасан шуумал багнууд байдаг аж.
Цаасан шуумал гэдэг нь тусгай цаасыг цавуунд хийж дэвтээж зөөлрүүлээд урьдчилан бэлдсэн модон хэвийг бүрж хатаагаад өнгөөр будаж чимэглэдэг урлал аж. Цамын баг том жижгээс шалтгаалаад жин нь 5-7 килограмм байдаг бол хувцас нь 30 килограмм хүртэл байдаг. Ийм даны хүнд байдаг учир нь хувцасны чимэглэлийг зааны яс, тэмээний яс, металл, эрдэнийн чулуу зэргээр хийдэгтэй холбоотой. Бүжгийн баг, хувцсыг бүтээхэд уран зураг, хатгамал, сийлбэр, оёдол, баримал, наамал, зүймэл, хөөмөл зэрэг олон төрлийн урлалын аргууд ордог онцлогтой гэнэ.
“Хүрээ цам” зургийн хажууханд Цамын дүрүүдийг өлгөжээ. Мөн Очирваань, Жамсран, Гомбо бурханы нэг нөхөр Дагийранз, Цагаан өвгөний цаасан шуумал дүрүүд, Шашны хөгжим зэргийг дэлгэн үзүүлсэн байдаг.
Үүний зэрэгцээ бусад танхимд ховор, дурсгалтай олон үзмэрүүд бий. Тэдгээрийг нэг бүрчлэн энд бичих цаг хугацаа, орон зай хомс тул сурвалжилгаа тус музейн захирал У.Сарантуяагийн ярилцлагаар жаргаая
У.Сарантуяа: МУЗЕЙН ХӨДӨЛГӨГЧ ГОЛ ХҮЧ НЬ БОЛОВСОН ХҮЧИН БУЮУ АЖИЛТАН ӨӨРӨӨ
Музейн хувьд үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар ...
-Иргэд утас, компьютер, таблет зэргээр мэдээллийг олон сувгаас хүлээн авч байна. Энэ нь ч мэдээллийг түргэн, шуурхай бодитойгоор хүлээж авах нэг арга хэлбэр нь. Тэр ч үүднээс манай музей хүүхэд, залууст зориулан хялбаршуулсан байдлаар шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэж байгаа. Нэг талаасаа бидний ажлыг боловсролын ажил гэж ойлгоход болно. Лайв буюу цахим хэлбэрээр хүргэх ажилд музейн ажилтнуудаас гадна судлаач, тайлбарлагчид идэвхтэй хамрагдаж байгааг бид бүхэн мэднэ. Ер нь фэйсбүүк хуудас, фэйжээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх, подкаст, блог хөтлөх гэх мэт арга хэлбэрийн хувьд сонирхолтой байдлаар тодорхой нэг зорилго, зорилтуудаа хангаж байгаа жишээ, тийм үзэгдэл хэдийнэ олширч бидэнд ч эчнээ танил болж. Манай музей ч энэ талын туршлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн.
Соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах энэ ажлын цахим хэлбэрээр хүргэсээр явцын дунд үзэгчдийн хандлага, идэвх тодорхой хэмжээнд өсч, нэмэгдсэн гэж бодож байна. Цаг үеийн нөхцөл, байдал сайжирахаар өөрсдийн биеэр ирж музейтэй танилцана гэсэн хүлээлттэй хүн олон байгааг үгүйсгэхгүй. Музей хүнд бусад, урлаг соёлын байгууллагаар үйлчлүүлснээс илүү наалдацтай, ойр тийм мэдрэмжийг өгдөг мэт санагддаг юм.
Үргэлжлүүлэн музейн онцлогийн талаар ярилцах нь зөв байх. Сан хөмрөгийн баяжилтын тухайд та юу хэлэх вэ?
-Музей байгуулагдсан цагаас сан хөмрөгийн баяжилт хийгдэж эхэлсэн. Тэгэхээр 1966 оноос эхлэлтэй гэсэн үг. Сан хөмрөгт байгаа бүгдийг үзүүлэх боломж хомс. Тодорхой хэсгийг нь үзмэр болгодог. Гадаад сан хөмрөгийн гэх мэт олны нүдэнд өртөөгүй дурсгалуудаа үзэсгэлэнгийн үеэр дэглэж, мөн сүүлийн үед эрчимжсэн лайвыг ашиглан англи болон монгол хэлээр танилцуулж байна.
Үзмэрээ тайлбарласан номоо монгол англи хэл дээр хэвлүүлдэг. Номын багцыг хүмүүс хүргэлтийн үйчлилгээний тусламжтайгаар эсвэл музейд ирж худалтан авах боломжтой. Бидний зорилго мэдээж сурталчлан таниулах, анхдагч үүрэг маань мэдээж хадгалах хамгаалах. Хоёр болон гурав дагч үүргийн хүрээнд ийм ажлыг хэрэгжүүлж байна.
Лайв хийхдээ тайлбараа англи болон монгол хэл дээр хүргэж байгаа талаар дурдсаных боловсон хүчин, тэдний ур чадвар, мэргэжил арга зүйн тал руу ярилцлагаа чиглүүлэе ...
-Музейн хөдөлгөгч гол хүчин нь мэдээж боловсон хүчин буюу ажилтан өөрөө. Мэдээлэл хүргэхэд, манайд ОХУ-д Москва болон Эрхүүгийн их сургууль болон АНУ-д дээд боловсрол эзэмшсэн, Япон болон бусад орнуудад мэргэжил дээшлүүлсэн залуус бий. Дотооддоо МУИС болон СУИС зэрэг сургуулиудыг төгсөцгөөсөн боловсон хүчнүүд ч байна. Урдаа барьдаг сор болсон судлаач эрдэмтдээс гадна академик түвшинд суралцсан, ажил мэргэжил, арга зүйн хувьд тодорхой хэмжээнд боловсорсон залуус байдаг. Гэхдээ хамгийн чухал нь ажлын байран дээр суралцах явдал. Жишээлбэл, манай музейн хувьд дөнгөж төгсөж ирсэн залуусыг ямартаа ч ажилд нь дасгаж, мэргэшүүлэхээс гадна тодорхой хуваарийн дагуу шалгалт авдаг. Музейн тайлбарыг эх хэл дээрээ зөв цэгцтэй, дараа нь англи хэл дээр түүнийгээ ойлгомжтой, мэдээлэл өгч чадахуйцаар хүргэж байгаа эсэхийг нэг сарын хугацаанд шалгаж, үр дүнг нь тооцдог. Одоо тайлбар хүргэж байгаа бүх ажилтнууд маань эдгээр шалгалтыг давсан, цаашлаад шинэ ажилчдыг энэ арга хэлбэрээр мэргэшүүлэхэд суралцаж байгаа гэсэн үг. Тиймээс залуустаа итгэдэг, тэдний ажил үүргийн гүйцэтгэлд сэтгэл хангалуун байдаг гэх үү дээ.
Сурвалжлагч: Ц.Оргил
Түүх үнэртсэн их өв энд бий |
|