Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймгийн Ойн салбарын анхдугаар чуулган өнөөдөр (2022.03.01) болж байна. Чуулганд БОАЖЯ, Ойн ангийн төлөөллөөс гадна ойн чиглэлээр ажиллаж буй нөхөрлөл, бүлгийн нийт 300 гаруй хүн оролцож байгаа юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянхонгор аймаг нэгдэж 20 сая мод тарихаар амлалт өгч, гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Баянхонгор аймагт 307 хүн байнгын, 35 мянган хүн түр ажлын байраар хангагдах тооцоо гарчээ.
Тус чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нарын албаны төлөөлөл оролцож байна.
Нээлтийн үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаас гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж гэдгийг дурдаад “БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газартай Баянхонгор аймаг бүх ажлаа уялдуулна” гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Баянхонгор аймгийн 98 хувь нь цөлжилтөд ямар нэгэн хэмжээгээр өртсөн байна. “Тэрбум мод” хөдөлгөөн эцсийн эцэст хүмүүсийн сахилга хариуцлага, идэвхээс шалтгаална. Мод тарих цоо шинэ ажил биш. Илүү сэргээх үүднээс л өнөөдрийн чуулган болж байна. Тэрбум мод тарих ажлыг тооцоод үзэхээр нэг хүн жил болгон 30 мод тарьж байж арван жилд хүрэх зорилт, том ажил юм. Ийм болохоор мэргэжилтнүүд та бүхэн оройлж ажиллах үүрэгтэй шүү. Баянхонгор аймагт зорьж ирсэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, аймгийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ:
“Эх орончдын баярын мэнд дэвшүүлье. Дэлхийн бусад улсын нэгэн адил Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөөр байна. Монгол орны газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль-цаг агаарын эрс тэс байдал зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь гол ус ширгэх, мөнх цэвдэг хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ жил бүр нэмэгдсээр байна. 2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.1 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь, хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна. Иймээс аймгийн хувьд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро-ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх нь хамгийн бодит үр дүн болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлж өрнүүлээд байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дараах гурван үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
1. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомстол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах, заган ойн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн аж ахуйн чадавхыг бэхжүүлэх,
2. Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, ногоон эдийн засаг, дэд бүтцийн чадавхыг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, хүнд үйлдвэрийн газар, тариалангийн талбай, төв суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулж агро ойжуулалтыг хөгжүүлэх,
3. Хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, экосистемийн доройтлыг бууруулах, хүнд ээлтэй амьдрах орчныг буй болгох, хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг болно.
Баянхонгор аймаг нь шилмүүст ойтой 5 сум, заган ойтой 7 сумын ойн сангийн нийт талбай 820681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7,06 хувийг эзэлдэг. Баянхонгор аймагт 1 сум дундын ойн анги, 12 ойн нөхөрлөл ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цөлжилт, газрын доройтлыг бууруулах хөтөлбөрийн санхүүжилтээр Баянхонгор сумын шинэ суурьшлийн бүсийн 50 га талбайд ойн зурвас байгуулах ажил 2021-2022 онд хийгдэж байна. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймаг 2022 онд 500,000 мод тарихаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн арчилгаа, цэвэрлэгээний ажил улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаагүй юм байна. Иймд энэ бүс нутгийн ойн аж ахуйн үйл ажиллагаанд онцгой анхаарах шаардлага гарч байна:
1. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна. Иймд мод, сөөгийн үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг мод тарих газар, зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр хангах, чадавхжуулах зэрэг хөрөнгө, санхүүгийн бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг нэн шуурхай шийдвэрлэн ажиллах шаардлагатай.
2. Аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэн, энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулах үүрэгтэй ойн салбарын анхан шатны нэгж болох сум дундын ойн ангиудыг орон тоо, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж чадавхжуулан, техник, тоног төхөөрөмжөөр хангаж бэхжүүлж ажиллах шаардлагатай.
3. Аймгийн нийт газар нутгийн бага хувийг эзлэх ойн санг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах, "Ойн менежментийн төлөвлөгөө"-г аймаг, сумын хэмжээнд боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй.
4. Заган ойг хамгаалах уламжлал, зан заншлыг сэргээж, заган ойн экологийн өндөр ач холбогдлыг ард иргэдэд таниулах тал дээр илүү анхаарч ажиллахын зэрэгцээ заган ойг нөхөрлөлүүдэд эзэмшүүлэх замаар эзэнтэй болгон байгаль хамгаалагч, нутгийн иргэд, эзэмшигчдийн хамтын ажиллагааг бүрдүүлж ажилласнаар хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулж заган ойн тэлж ургах нөхцөлийг хангах, цөлжилт, элсний нүүлтийг бууруулах, зогсоох бүрэн боломжтой юм.
5.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт” болон “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээтэй уялдуулж Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээж ойжуулах нь төрийн бодлогыг уялдуулсан, оновчтой арга хэмжээ болохыг онцгой анхаарч ажиллах нь зүйтэй байна” гэсэн юм.
Чуулган Баянхонгор аймгийн сум дундын Ойн ангийн дарга П.Уртнасан, Монгол Улсын зөвлөх агрономич С.Тунгалаг, Газарзүй гео экологийн хүрээлэнгийн доктор, профессор А.Хауланбек нарын илтгэлээр үргэлжилж байна.
Б.Бат-эрдэнэ: “ОЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г аймаг, сумын хэмжээнд боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй |
|