1971 оны их үерийн улмаас Хотон голын голдирол өөрчлөгдөж, Дархадын хотгорын бүлэг нуурын эко систем алдагджээ. Тухайлбал Хотон голоос эх авдаг Дөрөө, Цойцон нуур ширгэсэн байна. Харин 40 орчим жилийн дараа буюу өнгөрсөн оны есдүгээр сард Цойцон нуурыг инженерийн шийдлээр сэргээжээ. Энэхүү нуурыг хэрхэн сэргээсэн талаар мэргэжилтнүүд яриаг хүргэж байна.
"Хөвсгөл аймгийн гурав дахь том нуур Цойцон нуурын ус ширгэснээс ойр орчимд мал бэлчих боломжгүй болж, цөлжиж, чийггүй болсон. Нутгийн иргэд нуураа сэргээх хүслийг олон жил тээж явсан юм билээ" хэмээн Монгол улсын зөвлөх инженер Ш.Ганзориг ярив.
Цойцон нуурыг сэргээх ажлыг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын захиалгаар "Престиж инженеринг" компани болон ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран 2021-2022 онд гүйцэтгэжээ.
Энэ талаар "Престиж инженеринг" ХХК-ийн ахлах инженер Б.Батзаяа "2021 онд зураг төсөл, хайгуул, судалгааны ажил хийгээд Хотон гол дээр инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх хоёр суваг хийсэн. Үүний дараа Цойцон нуур руу Хотон гол үндсэн голдирлоороо 10.6 километр урсаж, нуураа усаар тэжээж эхэлсэн.
Цойцон нуур сэргэснээр 35 сая метр.куб усыг нөөцөлж, тухайн орчимд амьдардаг иргэдэд чухал ач холбогдолтой.
Орон нутгийнхны зүгээс нуур дээр барьсан далан, сувгийг жил бүр сэргээх үйлчилгээний ажлуудыг хийж байх шаардлагатай" гэв.
Хотон гол үндсэн голдирлоороо урсаж эхэлснээр Цойцон нуурыг нөхөн сэргээхээс гадна Дархадын хотгорын цэвдгийн алдагдал буурч, цөлжилтийг сааруулан Буянт голын эко систем сэргэх нөлөө үзүүлжээ.
Б.Батзаяа: Хотон голоос Цойцон нуурт ус цутгаж эхэлсэн |
|