"Рио Тинто" компани гуравдугаар сарын 16-нд Оюу толгой төслийн талаар шинэчилсэн мэдээллээ гаргажээ. Уг мэдээлэлд COVID-19-тэй холбоотойгоор Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг дурдсан байна.
Тодруулбал, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн Монгол Улс дотоодод болон хил дамнасан иргэд, ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн бөгөөд КОВИД-19-ийн анхны тохиолдол Монголд бүртгэгдсэнээс хойш хязгаарлалтыг илүү нэмэгдүүлсэн.
Оюу толгойн гүний уурхайн төслийн ажил үргэлжилж байгаа ч дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор бүтээн байгуулалтын явц удааширч байгаа аж.
Тухайлбал, Рио Тинто, Оюу толгой, барилгын ажлын гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтыг хянах, мэргэжил арга зүйгээр хангах, техникийн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх баг бүрэлдэхүүнийг ирүүлэх боломж хязгаарлагдмал болжээ. Эдгээр мэргэшсэн үйлчилгээ нь уурхайн талбарт дахь ажиллагаа аюул осолгүй үргэлжлэх, гурав, дөрөвдүгээр амны цамхгийн ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгөхөд чухал үүрэгтэй байна.
Ажлын явц ийнхүү удааширч байгаа нь нийт гүний уурхайн төсөлд ямар нөлөө үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч компанийн зүгээс шинэчилсэн мэдээллийг цаг тухайд нь зах зээлд гаргахаа мэдэгджээ.
Рио Тинто группийн Зэс, очир эрдэнийн группийн ерөнхий захирал Арнауд Суарат “Бидний гол анхаарал Оюу толгойн уурхайн талбарт буй хүмүүсийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байна. Монгол Улсын Засгийн газрын COVID-19-ийн тархалтыг хязгаарлах чиглэлээр авч буй шийдэмгий арга хэмжээг бид дэмжин ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь зайлшгүй бөгөөд улмаар ачаа тээвэр, хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явц удаашрахад хүргэж байна. Энэхүү үйл явцын үр нөлөөг тооцоход эрт байна. Сорилт бэрхшээл ихтэй энэ цаг үед манай хамт олон бизнесийн үйл ажиллагаанд учрах саатлыг хамгийн бага түвшинд байлгахаар хичээн ажиллаж байна” гэжээ.
Гүний уурхайн чулуулгийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төслийн зураг төслийг шинэчилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ оны эхний хагаст багтаан дуусгана гэсэн уг хуваарь хэвээр байгаа аж. Мөн 2020 оны хоёрдугаар хагаст багтаан гүний уурхайн хүдрийн биетийг ашиглах бүтээн байгуулалтын шинэчилсэн тооцоолол гарах юм.
Ил уурхайн хувьд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, зэсийн баяжмалаа хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байгааг уг мэдээлэлд дурджээ.
COVID-19-тэй холбоотойгоор Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч байна |
|