Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзлаа
6 жил өмнө   677
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Мишел Форстыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төсөл, бизнес ба хүний эрх, мөн Монгол Улсын хууль сахиулах, шүүхийн тогтолцоог шинэчлэх ажлын явцын талаар санал солилцов.
 
Гадаад харилцааны сайд УИХ-ын гишүүний хувиар өөрийн санаачилж байгаа Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хүний эрхийг хамгаалагчийн тухай ойлголт, тэдний эрх зүйн байдлыг баталгаажуулахын ач холбогдлыг бүх түвшинд хүргэх, мэдлэг мэдээллийг өргөжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.
 
Мөн эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр, орлого бий болгоход бизнесийн орчин нөхцлийг зөв бүрдүүлэх асуудал нэн чухал болохын сацуу хүний эрх баталгаажсан газар бизнес өсч хөгждөг тул хүний эрхийг хангах, бизнесийн хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв.
 
НҮБ-ын Тусгай илтгэгч Мишел Форст Тусгай илтгэгчийн мандат нь аливаа улсыг нэр заан буруушаах бус харин хүний эрх, хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө тухайн улстай хамтран ажиллах, дэмжих зорилготой болохыг онцлов. Тэрээр Монгол Улсад ирэхийнхээ өмнө хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг илүү өөдрөгөөр төсөөлж байсан гээд, харин энэ айлчлалын хугацаанд уулзсан хүмүүсийн яриа, хийсэн ажиглалт, судалгааны үндсэн дээр нөхцөл байдал сайнгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт хийж байгаагаа илэрхийлэв. Ийм ч учраас Тусгай илтгэгч Монгол Улс дахь ажлаа энэ удаагийн айлчлалаар дуусгах биш, харин монголын талтай үргэлжлүүлэн тогтвортой хамтран ажиллана гэв. Тусгай илтгэгч хүний эрхийг хамгаалагчийн тухай бие даасан хууль нь хүний эрхийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах маш чухал механизм болохыг онцолсон болно.
 
Хоёр тал ярилцсан асуудлаар цаашид хамтран ажиллах, ялангуяа хүний эрхийг хамгаалагчийн тухай хуультай холбогдуулан олон улсын туршлагыг судлах зорилготой семинар зохион байгуулахаар тохирлоо.
 
Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0