Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Оросууд Донбасст ялалт байгуулсан ч дайн зогсохгүй байх магадлалтайг АНУ-ын тагнуулын албаны захирал анхааруулав
2 сар өмнө   163
АНУ-ын Үндэсний Тагнуулын Албаны захирал Аврил Хэйнс өчигдөр сенатын зэвсэгт хүчний байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөхдөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Украинд явуулж буй дайнаа сунжруулах зорилготой гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
 
Оросын зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины газар нутагт халдан довтлохдоо Киевийн засгийн газрыг түлхэн унагаж, Москвагийн талыг баримтлагчийг төрийн эрхэнд гаргах зорилготой байв.
 
Гэвч уг зорилго биелээгүй тул Украины дорнод хязгаар Донбассыг бүрэн эзлэх дараагийн зорилгоо тавьсан билээ.
 
Энэхүү оролдлого нь ч бас одоогоор урагш муутай байна. “Донбассаас цааш давших санаагаа ерөнхийлөгч Путин орхиогүй, Украинд явуулж буй дайнаа сунжруулахаар бэлдэж байгаа гэж бид дүгнэж байна” гэж Хэйнс мэдэгджээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Зорилго нь бүтээгүй, Оросын зэвсэгт хүчний нөөц боломж шавхагдаж буй зэрэг бодит байдалтай тулгарсан Путин ойрын хэдэн сарын хугацаанд урьдчилан тааварлах боломжгүй, аюултай алхам хийх боломжтой” гэсэн байна.
 
Уг уулзалтад оролцсон АНУ-ын Цэргийн Тагнуулын Агентлагийн тэргүүн, хошууч генерал Скотт Беррьер “Оросууд ч ялахгүй, Украинчууд ч ялахгүй байгаагаас дайн мухардалд орох төлөвтэй байна” гэж хэлжээ.
 
Путин тактикийн цөмийн зэвсэг ашиглах боломжийн талаар сенаторууд асуухад тэр “Яг одоо бидэнд тийм аюул харагдахгүй байна” гэж хариулсан байна.
 
Украины дайны улмаас олон мянган энгийн иргэн алагдаж, олон сая хүн гадаад руу дүрвээд байгаа. Дайн эхэлснээс хойш хоёр сар хагасын хугацаанд Оросын зэвсэгт хүчин Украины дорнод болон өмнөд бүс нутагт тодорхой хэмжээний газар нутгийг эзлээд байгаа юм.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Оросууд Донбасст ялалт байгуулсан ч дайн зогсохгүй байх магадлалтайг АНУ-ын тагнуулын албаны захирал анхааруулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0