Цөөн үгээр:
Одон орон судлаачид Тэнгэрийн ван гаргаас ялгардаг рентген туяаг анх илрүүлснээ зарлажээ
1 сар өмнө   344
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн одон орон судлаачид Тэнгэрийн ван гаргаас ялгардаг рентген туяаг анх илрүүлснээ зарлажээ. Энэхүү нээлтийг хийхийн тулд тэд 2002, 2017 онд “Чандра” сансрын дурангаар хийсэн ажиглалтын мэдээллүүдийг ашигласан байна. Судалгааны үр дүн “JGR Space Physics” сэтгүүлд нийтэлжээ.
 
Шинэ судалгааныхаа үеэр эрдэмтэд "Чандра" рентген ажиглалтын төвөөс 2002, 2017 онд авсан зургуудаас анх удаа Тэнгэрийн вангаас ялгарч буй рентген туяаны тод гялбааг олж илрүүлжээ. Судлаачид энэ цацрагийн ихэнх нь Тэнгэрийн вангийн хийн бүрхэвчид тархсан нарны спектрийн рентген туяанаас, мөн Санчир гаригтай адил цагиргийнх нь системээс цацардаг гэж үзэж байна.
 
Түүнчлэн рентгений туяаны зарим хэсэг нь Тэнгэрийн ван дээрх туйлын туяанаас цацардаг гэж таамаглаж байна. Өмнө нь үүнтэй төстэй эффект Дэлхий болон Бархасбадийн рентген диапазонд, мөн Тэнгэрийн вангийн бусад долгионы уртад ажиглагдаж байжээ.
 
Тэнгэрийн ван бол аварга том мөсөн гараг бөгөөд нарны аймгийн долоо дахь гараг юм. Түүний диаметр нь Дэлхийнхээс дөрөв дахин том ажээ. Бархасбадь, Санчир гаргийн адил Тэнгэрийн ван нь экватороо тойрсон хоёр хэсэг бүхий цагирагтай боловч нарны аймгийн эдгээр гаргаас ялгаатай нь хажуу талдаа эргэлддэг. Тэнгэрийн ван гаргийг бараг бүхэлдээ устөрөгч ба гелигээс бүрддэг гэж үздэг.
 
Одон орон судлаачид Тэнгэрийн ван гаргийг судлахдаа энэ гаргийн хажуугаар ниссэн цорын ганц сансрын хөлөг болох “Вояжер 2”, мөн "Чандра", "Хаббл" телескопуудын өгөгдөлд мэдээллүүдэд тулгуурладаг байна.
 
Эх сурвалж:NASA
 
Одон орон судлаачид Тэнгэрийн ван гаргаас ялгардаг рентген туяаг анх илрүүлснээ зарлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0