Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Төрийн бус байгууллагууд өөрчлөгдөхөд бэлэн үү?
4 жил өмнө   2251

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД БҮЛ НЭМЖ 18 МЯНГУУЛАА БОЛЖЭЭ

Өнгөрсөн 10 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийг төслийг хэлэлцэж дэмжсэн байдаг. Нэг үгээр энэ нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөхийг бодлогын төвшинд шийдсэнийг харуулж буй хэрэг юм. Харин одоогоор уг хуулийн төслийг УИХ-д хараахан өргөн мэдүүлээгүй байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийг бүхэлд нь өөрчлөх хэрэгцээ, шаардлагын талаар эхлээд сонирхъё. Манай улс Үндсэн хуульдаа тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор 1997 онд Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг батлан мөрдүүлснээс хойш 23 дахь жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарчээ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр 1998 онд 1075 ТББ бүртгэлтэй байсан бол 2005 онд 3492, 2010 онд 6915, 2015 онд 11879, 2017 оны 4 сарын байдлаар 17685, 2018 онд 18000 болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, ТББ-ын тоо хэмжээ одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулбал бараг 20 дахин өссөн гэсэн үг. Гэрлийн хурдаар өсч буй энэ тоо цаашид буурах уу? ТББ-уудын үйл ажиллагаа хэр зэрэг идэвхтэй вэ гэдэг асуулт юуны өмнө гарч байна. Одоогийн хууль эрх зүйн орчин хэвээр үйлчилж байвал мэдээж ТББ-уудын тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь харагдаж байна. Учир нь Иргэний хуульд ашгийн төлөө бус хуулийн этгээд нь холбоо, сан, хоршоо гэсэн төрөлтэй байхаар заасан бол Төрийн бус байгууллагын тухай хуульд “ТББ” гэх ангилалыг бий болгож зөрүүтэй хуульчилсан, түүнчлэн хууль зүйн хувьд ТББ-ын хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүйгээс улс төр, шашны байгууллага төдийгүй ашгийн төлөөх хуулийн этгээд ч “ТББ” гэх нэрийг хэт хавтгайруулан хэрэглэх боломжтой болсон.

2017 оны Статистикийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсанаар албан ёсоор бүртгэлтэй байгаа 17685 ТББ-ын 48.5 хувь буюу 8578 нь үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгүүлсэн ТББ-ын дийлэнх хувь нь идэвхгүй буюу 5437 огт үйл ажиллагаа эрхлээгүй, 3340 үйл ажиллагаагаа түр зогсоосон, 267 үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон, 63 нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгааны улмаас ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнээс дүгнэхэд манай улсын хувьд иргэдийн эвлэлдэн нэгдэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох эрхийн баталгаа болсон ТББ-уудын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарч, жилээс жилд хүрээгээ тэлж байгаа мэт боловч бодит байдалд бэрхшээлтэй олон асуудал байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас авсан мэдээллээр 2017 оны байдлаар Монгол Улсад гадаадын ТББ-ын болон олон улсын байгууллагын нийт 90 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Нөгөө талаар ТББ-ыг дэмжсэн тогтвортой санхүүжилтийн орчин бүрдэж чадаагүйн улмаас Монголын иргэний нийгмийн байгууллагууд нь санхүүгийн эх үүсвэрээр дутагдаж иржээ. 2011 оны Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр ТББ-ын нийт санхүүжилтийн 3.9 хувь нь гишүүний татвар, 21.4 хувь нь хандив, 67.7 хувь нь олон улсын санхүүжилт, 7 хувь нь бусад эх үүсвэрээс гэж бүртгэгджээ. Харамсалтай нь 2011 оноос хойш энэ талаар харьцуулахуйц судалгаа, мэдээлэл байхгүй ажээ.

Энэ байдал нь төр, ТББ-ын хамтын ажиллагаа, харилцан хяналтыг хуулийн хүрээнд үр дүнтэй зохицуулахад бэрхшээл учруулахаас гадна ТББ-аас иргэд, олон нийтийн дэмжлэгт тулгуурлан идэвхтэй ажиллах боломжийг хязгаарлах, гадаад улсын бодлого, нөлөөлөлд автах, улмаар мөнгө угаах, нийгмийн зүгээс үл итгэх хандлагыг бий болгоход нөлөөлж байна гэж Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд дүгнэжээ.

 

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬД ЗУРГААН УДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН

Төрийн бус байгууллагын тухай хуульд 1998-2016 оны хооронд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нэмэлт, өөрчлөлт нь ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд бус харин салбарын бусад хуулиуд шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байна. Тиймээс 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хууль нь энэ төрлийн харилцааг бүхэлд нь зохицуулах боломжгүйн зэрэгцээ эрх зүйн шинэчлэлээс хоцорч, улмаар зохицуулалтын хувьд бусад хуулиудтай зөрчилдөхөд хүрчээ.

 

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд ТББ-тай холбоотой эрх зүйн цогц шинэчлэл нэн шаардлагатайг харгалзан “Төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын хараат бус байдал, тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, “нийтэд тустай үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах замаар иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжихийн зэрэгцээ нийтийн сайн сайхны тулд явуулж байгаа үйл ажиллагааны ач холбогдлыг иргэдэд таниулах, энэ үзэл санаа, соёлыг нийгэмд төлөвшүүлэх, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн төрөл, хэлбэрийг тодорхойлох”, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлжээ. Энэхүү зорилтыг хангахын тулд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

ШИНЭ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ВЭ?

Шинэ хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг хоёр жилийн өмнө байгуулж, нийт гишүүдийн 40 хувийг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдүүлсэн байна. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 52 зүйлтэй аж.

Хуулийн төсөлтэй энэ линкээр орж танилцана уу. 

 https://mojha.gov.mn/newmojha/?topic=%d1%82%d3%a9%d1%80%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d1%83%d1%81-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b3%d1%8b%d0%bd-%d1%82%d1%83%d1%85%d0%b0%d0%b9-%d1%85%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9

Энэ хуулиар ашгийн төлөө бус хуулийн этгээдэд тавигдах нийтлэг шаардлагыг үйлдвэрчний эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг хуульд заасны дагуу байгууллагддаг, мөн боловсрол, соёлын болон хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн үйл ажиллагааг ашгийн төлөө бус зорилгоор хэрэгжүүлдэг, түүнчлэн нийтийн болон сонирхогчийн спортын байгууллага, нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд нийтлэгээр хамааруулахаар зохицуулсан байна.

Хуулийн төсөлд дараахь онцлог зохицуулалтыг шинээр тусгажээ.

  1. Ашгийн бус хуулийн этгээдийн төрлийг Иргэний хуульд нийцүүлэн холбоо,

сангийн хэлбэртэй байхаар тодорхойлсон.

  1. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн,

төрийн байгууллага, улсын төсөвт болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн

газраас бусад хуулийн этгээд үүсгэн байгуулж болно.

  1. Ашгийн төлөө бус хуулийн этгээд хуульд заасны дагуу санхүүжилтээ

бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд эх үүсвэр хувь хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив,

гишүүдийн татвар, аж ахуйн үйл ажиллагааны орлого, төрөөс үзүүлсэн дэмжлэгийн хэлбэртэй байна. Мөн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийн гол зорилго, үндсэн үйл ажиллагаа байж болохгүй шаардлагыг тусгасан.

  1. Төр болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн харилцаанд баримтлах

зарчим, хамтран ажиллах хэлбэрийг тогтоож, улмаар төрөөс үзүүлэх дэмжлэгийг

төрлийг тодорхойлсон.

  1. Эрх зүйн онцлог зохицуулалт шаардлагатай мэргэжлийн холбоод болон

ашгийн төлөө байгууллагууд нэгдэн өөрсдийн эрх ашгаа хамгаалах болон

нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллаага явуулах зорилгоор байгуулах эдийн

засгийн холбоонд тавигдах шаардлага, хязгаарлалтыг тусгайлан тусгасан.

  1. Иргэний нийгмийн суурь хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах,

зөвшилцөх, холбон ажиллах, иргэний нийгмийн дотоод засаглал, ёс зүйн жишгийг

тогтоож хөгжүүлэх чиг үүрэг бүхий Зөвлөлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын

дэргэд ажиллахаар зохицуулсан.

  1.  Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль батлагдсан нөхцөлд

түүний хэрэгжилтийг хангах үүднээс шинэчилсэн бүртгэлд нэг жилийн хугацаанд

багтаан бүртгүүлэх үүргийг нийт ашгийн төлөө бус хуулийн этгээдэд хүлээлгэнэ гэх мэт заалтууд тусгагджээ.

 

ТОГТВОРТОЙ, ҮР ДҮНТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ТББ-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Хэрвээ Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, цаашид батлагдана гэж үзвэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд хуулийн шаардлагад нийцүүлэн өөрчлөгдөх шаардлага зүй ёсоор гарч байна. Харин төрийн бус байгууллагууд энэ өөрчлөлтөд бэлэн үү?

Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Харин энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлэхээр зэхэж буй Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан. Учир нь мэргэжлийн холбоод бол ТББ-ын нэг хэсэг учраас салангид хуулиар зохицуулах боломжгүй гэж байв.

2017 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт ТББ-ын 86 хувь нь нийгэмд үйлчилдэг ТББ, үлдсэн 14 хувь нь гишүүддээ үйлчилдэг ТББ байна. Хуулиар ТББ-ыг нийгэмд үйлчилдэг болон гишүүддээ үйлчилдэг хэмээн ангилдаг боловч тогтоох шалгуур, ямар байгууллагад энэхүү статусыг олгох, энэхүү ялгаанаас хамаарч тэдэнд үзүүлэх татварын болон бусад хэлбэрийн хөнгөлөлт, дэмжлэг, үйл ажиллагаанд нь тавих хяналт, мониторинг, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлагналтын талаар тусгайлан зохицуулалт байхгүй аж.

Ашгийн бус хуулийн этгээдийн хуулийн төсөлд тусгасан нэг онцлог зохицуулалт бол ТББ-д төрөөс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны хэлбэрийг тогтоож буй юм.  Манай улсын хувьд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх буюу төр, ТББ-ын хамтын ажиллагаа нь Төрийн бус байгууллагын тухай болон Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар эрх зүйн хувьд нээлттэй. Гэвч энэхүү хамтын ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан

зохицуулалт байхгүй, ТББ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх төрийн үйлчилгээний төрөл, хүрээ тодорхойгүйгээс бодит байдалд төрөөс ТББ-уудад төр, хувийн хэвшлийн түншлэлтэй адилтган үзэж шалгуур тогтоох, арга хэмжээний дийлэнх хувийг байнгын бус нэг удаагийн шинжтэй гарын авлага, мэдээлэл боловсруулах, сургалт зохион байгуулах зэргээр хязгаарладаг, салбар бүрт ялгамжтай байдлаар тогтоодог зэрэг нь ТББ-уудын хувьд бодит дэмжлэг болж чаддаггүй.  Тухайлбал, 2010-2011 оны мэдээллээр дээрх хэлбэрээр төрөөс үзүүлэх дэмжлэг нь ТББ-ын нийт санхүүжилтийн 2 хувьтай тэнцэж байсан нь хангалтгүй бөгөөд орон нутагт ажиллах төрийн бус байгууллагуудыг дэмжих бодлого сул, дэмжлэг байхгүйгээс төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тохиолдол нийгмийн халамжийн үйлчилгээнээс бусад салбарт бараг байхгүй байна.

Тиймээс тогтвортой, үр дүнтэй, хариуцлагатай ТББ-ыг хөгжүүлэх, тэдэнд үзүүлэх олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэхэд шинэ хуулийн төслийн гол зорилго чиглэгдэж байгаа ажээ.

 

Төрийн бус байгууллагууд өөрчлөгдөхөд бэлэн үү?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Oyundalai [64.119.17.167] 4 жил өмнө
    Эх сурвалж нь юу вэ?