Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
4 цагийн өмнө   42
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважавыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газар хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдээ дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлээд МҮХАҮТ ч энэ бодлогыг дэмжиж нээлттэй хамтарч ажиллахыг хүслээ. 
 
Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл, Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа, эдгээр хуулийн төсөл болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ санаачилгатай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглээд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, тус танхимд шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо. 
 
Удахгүй “Монголын Эдийн засгийн форум” болно. Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын Эдийн засгийн форум”-аар жилд ганц удаа уулзаж ярьдаг биш тэдний санал хүсэлтийг байнга сонсож, ярилцдаг, шийдвэрлэдэг байхад Засгийн газар, МҮХАҮТ хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэлээ.
 
Хүний хөгжил бол Засгийн газрын хамгийн том мега төсөл. Ажилтан, ажилчдынхаа хөгжил, монгол хүний төлөвшлийг дэмжиж, зөв манлайлал үзүүлж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаагаа Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар онцоллоо.
 
Засгийн газар УИХ-д “Хэмнэлтийн тодотгол”-оо өргөн барьж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн алба бий болох шинэчлэлийг эхлүүлсэн. Багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахаар тодотголд тусгасан. Хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хувьд ажиллах хүчний дутагдалтай байгаа.  Энэ бол тулгамдсан асуудал. Энэ талаарх судалгааг МҮХАҮТ хийж өгөхийг Ерөнхий сайд хүсээд төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд шилжүүлэн ажиллуулах, сургалт зохион байгуулах, зуучлахад хамтарч ажиллахаа илэрхийллээ. 
 
Мөн нийт хүний нөөцөө “дахин чадавхжуулах” сургалт хийх нь зөв. Хиймэл оюун ухаан, дижитал технологид суурилсан ажлын байрууд шинээр бий болж байна. Иймд “дахин чадавхжуулах” давлагаа үүсгэхийг хүсэж буйгаа, энэ бодлогыг төр засаг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
 
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд МҮХАҮТ-ын удирдах зөвлөл, тэргүүлэгчид болон хувийн зүгээс баяр хүргэж амжилт хүслээ.  
 
MYXAYT нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг тэтгэх замаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж үр дүн гарган хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ
 
Мөн дэлхийн геополитикийн сөргөлдөөнт байдал, худалдааны дайн, дотоодод экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалсан орлогын тасалдал, төсвийн тэнцлийн алдагдал, төгрөгийн ханшийн сулралт зэрэг макро орчны томоохон сорилтууд нь төр болон хувийн хэвшлийн аль алинд нь сөрөг  нөлөө үзүүлж, нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цагт Монгол Улсын Засгийн газартай танхимын зүгээс хамтран ажиллах саналаа хүргүүллээ. 
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0