Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Бельги улсын шүүх Конгын удирдагч агсны шүдийг гэр бүлд нь буцааж өгөх шийдвэр гаргажээ
4 жил өмнө   1473
Африк тивийн Конго улсын анхны ерөнхий сайд Патрис Лумумбагийн шүдийг гэр бүлд нь буцааж өгөх шийдвэрийг Бельги улсын шүүх өчигдөр гаргажээ.
 
Бельгийн колони байсан Конгыг 1960 онд тусгаар тогтнуулж, анхны ерөнхий сайдаар нь сонгогдож байсан Патрис Лумумбагийн амийг 1961 онд Өрнөдийн тагнуулын байгууллагуудын оролцоотойгоор хөнөөсөн юм. Конгын салан тусгаарлагч хүчнийхэн 35 настай ерөнхий сайдыг шоронд хорьж, тамлан зовоосны эцэст буудан хороожээ. Лумумбаг төрийн эрхнээс зайлуулах ажиллагааг АНУ, Их Британи, Бельгийн тагнуулын байгууллагууд төлөвлөсөн байна.
 
Тухайн үед залуу ерөнхий сайд Хүйтэн дайны сөргөлдөөний золиос болсон юм. Бодлого, үйл ажиллагааг нь урьдчилан таах боломжгүй Лумумба Зөвлөлтийн талд орвол Конгын ураны арвин нөөцийг алдах аюул Өрнөдийн гүрнүүдэд тулгараад байжээ. Лумумбагийн цогцсыг мөчилж, хүчилд уусгаснаа 2000 онд Бельгийн цагдаагийн комиссар Жерар Соте хүлээж байв.
 
Тухайн үед Соте ерөнхий сайдын хоёр шүдийг хадгалж үлдсэнээ үзүүлж байжээ. Зургаадугаар сард Лумумбагийн охин Жулиана Амато Лумумба эцгийнхээ шүдийг эх оронд нь шилжүүлж авах хүсэлтийг Бельги улсын эрх баригчдад тавьж байв.
 
Конгыг колоничолж байсан Бельгийн харгис дэглэмийн түүхийг эргэж харах, үнэлэх дүгнэх явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолынхоо 60 жилийн ойг тэмдэглэж, Бельгийн хаан Филипп колоничлолын үед үйлдсэн гэм нүглийнхээ төлөө харамсал илэрхийлж байв.
 
Одоо Бельгийн прокурорууд Лулумбагийн амь насыг хөнөөх ажиллагаанд оролцсон хүмүүст хуулийн хариуцлага тооцох боломжтой эсэхийг мөрдөн шалгаж байгаа гэнэ.
 
Эх сурвалж: The Guardian

 

Бельги улсын шүүх Конгын удирдагч агсны шүдийг гэр бүлд нь буцааж өгөх шийдвэр гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0