Цөөн үгээр:
  • ЭМЯ: 35 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд 1 тохиолдлын эх үүсвэр тогтоогдоогүй байна
МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг дэмжив
2 сар өмнө   158
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн/2021.01.05/ хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 
 
Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийв. Тэрбээр, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгг заасны дагуу 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч байгаа тул Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж өгөхийг хүссэн албаг бичгийг тус зөвлөлөөс ирүүлсэний дагуу Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн. Ажлын хэсэг Улсын Их Хурлаас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан 1 хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдав. 
 
Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, өмнөх хуралдаан дээр  20 нэр дэвшигчийг нэг бүрчлэн танилцуулж, ярилцсан учир, хүн нэг бүрийг танилцуулах шаардлагагүйг онцлоод нэр дэвшигчийн саналыг нууцаар явуулах, өмнө нь ажиллаж байсан тооллогын комиссыг үргэлжлүүлэн ажиллуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 
 
Ингээд тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, А.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, санал хураалтыг нууцаар явуулж, дүнг танилцуулахад Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан байв. Уг  нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон.
 
Иймд энэ талаарх  Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд  танилцуулахаар тогтлоо. Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.8 дахь хэсгийг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор тусгасан байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг дэмжив
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0