Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Шинэ танхимын чимээ
3 жил өмнө   403
УИХ-ын намрын чуулган хаалтаа хийх энэ долоо хоногт улс төрийн хүрээнд нэлээд бужигнаантай байх нь. Намрын чуулганыг ирэх баасан гарагт хаахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрөөс ээлжит бусаар хуралдаж, олны анхаарлын төвд байгаа шинэ Засгийн газрын тэргүүнийг томилох, Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
 
УИХ-аас төлөвлөснөөр Монгол Улсын  32 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилохоор зэхжээ. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдыг томилуулах тогтоолын төслийг өргөн бариагүй байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хүлээж авч уулзах бөгөөд үүний дараа Байнгын хороо, чуулган хуралдахаар болсон байна. Гэхдээ Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилуулахаас татгалзах эрхгүй учраас ямар ч нөхцөлд намаасаа 100 хувийн саналаар дэмжигдсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон гэхэд болно. Цаг хугацааны хувьд л өнөөдөр үү, маргааш уу гэсэн сонголт бий.
 
Харин одоо анхаарал татаж буй асуудал нь шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн. Зарим гишүүний хэлж буйгаар өмнөх Засгийн газрын гишүүдийн ихэнх нь үүрэгт ажлаа үргэлжлүүлэх чигтэй байна. Одоогоор салбар хариуцаж сайдаар томилогдох магадлалтай, нэрс нь яригдаж байгаа хүмүүсийг танилцуулъя.
 
  1. Шадар сайдаар Ж.Энхбаяр
  2. ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан 
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл 
  4. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
  5. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван
  6. Сангийн сайдаар Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа 
  9. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар  
  10. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Ч.Ундрам
  11.  Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар 
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон 
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан 
  14.  Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх 
  15. Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан
  16. Соёлын сайдаар ... нарын нэрс яригдаж байна.
Гэхдээ энэ нь зөвхөн таамаг бөгөөд танхимын гишүүдээ хэрхэн бүрдүүлэхийг Ерөнхий сайд өөрөө шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимын гишүүдээ томилж, огцруулах эрхтэй болсон бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-д зөвхөн танилцуулна. Тодруулбал, Ерөнхий сайдын бүрэн эрхэд дараах өөрчлөлтийг оруулсан юм.
 
Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
 
Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана.
 
Ямартай ч хуулийн энэ заалтаар шинэ Засгийн газар байгуулагдана. Харин шинэ Засгийн газрын өмнө дэлхий нийтийг хамраад буй цар тахлыг эрсдэл багатай даван туулах, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах, эдийн засаг, нийгмийн хүндрэлийг бууруулах гээд өндөр хариуцлага шаардсан олон ажил хүлээж байгаа. Улс төрийн хувьд ч намдаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хэмжээний нэр хүндийг бий болгох, иргэдийн итгэлийг алдахгүй үлдэх үүрэг хүлээнэ. Цаашлаад цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас гарах, ажилгүй, орлогогүй иргэдийн нийгмийн асуудлыг урт хугацаанд шийдвэрлэх, хугацаат бондын өр төлөх зэрэг амаргүй даваа ч бий. Нэг ёсондоо алдагдлыг арилгаж, ард иргэдээ хамгаалах авралын одоо Засгийн газар байгуулагдах гэж байна. Харин аврах уу, алдах уу гэдгийг ирэх өдрүүд хийгээд ирэх жилүүдээс харах биз ээ.
Шинэ танхимын чимээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0